Аварга могой, сармагчин, махчин шувууд, үет амьтан, хоёр нутагтан зэрэг 400-500 орчим амьтныг нэг дор цуглуулсан “Amazing zoo park” арга хэмжээ өнгөрсөн амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болж өндөрлөлөө. Хүүхэд, гэр бүлд хамгийн ээлтэй буюу ойроос харж, хүрч, тэврэх боломжтой амьтад эл арга хэмжээнд “зочилсон” юм. Зарим амьтныг хооллож, зургаа хамт авхуулах орчныг бүрдүүлснээрээ онцлог болжээ.
Бидний сайн мэддэг, алдартай хүүхэлдэйн киногоор танигдсан Бэмби, Тимон хоёр хүүхдүүдийн анхаарлыг ихэд татаж, нүдийг нь баясгасан. Тодруулбал, энэ амьтны хүрээлэнд саатсан, дэлхийн хамгийн алдартай бугын үр төл цоохор янзагыг одоогоор Бэмби гэж нэрлэжээ. Өөрөөр хэлбэл, ихэнх бугын нурууны толбо нь нас биед хүрэхээр нь арилдаг бол Бэмбигийнх нь арилдаггүй гэнэ. Мөн хүүхдүүд 10 гаруй төрлийн могойтой танилцаж, гартаа барьж айдсаа даван туулж байлаа. “Амазон” амьтны дэлгүүрийн үүсгэн байгуулагч М.Өлзийтөмөр “Амьтдыг хажуугаас нь, ойроос харахад маш өөр мэдрэмж төрдөг. Багаасаа амьтдыг хайрлаж, арчилж өсгөсөн хүүхэд ирээдүйд байгалиа хамгаалах сэтгэлтэй болдог” хэмээсэн.
Эл арга хэмжээг “Даймонд циркус”, “Амазон” амьтны хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан бөгөөд таван жилийн хугацаанд бэлдсэн гэнэ.
Ч.Болор