Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Ливан улсад албан ёсоор айлчилж байгааг АНУ өдөөн хатгасан явдал хэмээн хүлээн авчээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Роберт Гиббс “М.Ахмадинежад улс орноо эдийн засгийн хямралд оруулаад зогсохгүй ард түмний аюулгүй байдалд заналхийлж ч болзошгүй бодлогогүй алхмуудыг хийсээр байна. Өөрийн айлчлалаараа тэрбээр Ливаны “Хезболлах” бүлгийг өөгшүүлсэн” хэмээн мэдэгдлээ.
М.Ахмадинежад Ливан улсад лхагва гаригт хүрэлцэн ирсэн бөгөөд айлчлалынхаа үеэр тэрбээр тус улсын Ерөнхийлөгч Мишель Сулеймантай уулзаж, хэлэлцээр хийжээ. Израильтай газар нутгийн асуудлаас болж зөрчилддөг Ливанд АНУ зэвсгээр тусалж байснаа зогсоосон. АНУ-ын Засаг захиргаа аюулгүй байдлыг сахих зорилгоор явуулж буй зэвсэг алан хядах “Хезболлах” бүлэглэлийн гарт орж байна гэж үзсэн юм.
Тиймээс АНУ зэвсэг нийлүүлэхээ зогсоосон тэр даруйд Тегеран Ливанд туслахаа илэрхийлсэн билээ. М.Ахмадинежад энэ уулзалтынхаа үеэр үзүүлэх тусламжийнхаа тухай хэлэлцэн, “Хезболлах” бүлэглэлийн тэргүүлэгчидтэй уулзсан нь АНУ-ын дургүйцлийг хүргэж буй бололтой. Ливаны ард түмэн ч М.Ахмадинежадыг янз бүрээр хүлээн авлаа. Нэг хэсэг нь түүнд хүндэтгэл үзүүлж угтан авсан бол зарим нь эл айлчлалыг эсэргүүцэн жагсаал хийсэн юм.
Х.ОДОНЧИМЭГ