Дэлхийн өнцөг булан бүрт болж буй үйл явдлыг нийтэд хүргэдэг мэдээллийн агентлагуудын III чуулган Аргентиний Буэнос-Айрест эхэллээ. НҮБ ЮНЕСКО-той хамтран зохион байгуулж буй эл арга хэмжээнд 76 мэдээллийн агентлагийн 166 төлөөлөгч оролцож байна.
“Шератон” зочид буудалд болсон нээлтийн ажиллагаанд тус улсын Ерөнхийлөгч Кристина Фернандеш де Киршнер хүрэлцэн ирж, үг хэлсэн юм. Тэрбээр “Мэдээлэл гэдэг өөрийн гэсэн үнэ цэнэтэй, хэрэглэгчтэй, эрэлт хэрэгцээтэй бараа болсон өнөө үед сэтгүүлчид, хэвлэлийн ажилтнуудын хариуцлага асар өндөр байх хэрэгтэй. Үйл явдал, нөхцөл байдлыг үнэн зөв, шуурхай дамжуулах нь нэр төрийн хэрэг” хэмээн өгүүлжээ.
“Baltic News Service”, “BBC News”, “Bernama”, “Bloomberg L.P.”, “ITAR-TASS”, “Kyodo News”, “Reuters” зэрэг “акулуудаас” гадна хөгжиж буй орнуудын мэдээллийн агентлагууд уг чуулганд оролцож байна. Тэд сэтгүүлчдийн аюулгүй байдал, зохиогчийн эрхийн асуудлыг хөндөж ярилцах юм. Мөн энэ ажиллагааны үеэр гэрэл зургийн уралдаан, спортын арга хэмжээ зохиохоор төлөвлөсөн гэнэ.