Москвагийн Дум ээлжит бус хуралдаанаараа шинэ захирагчаа сонголоо. 18 жил хотыг удирдсан Ю.Лужков сэнтийгээсээ бууснаас хойш 24 өдрийн дараа Оросын нийслэлийн шинэ удирдагч тодров. Тюмень мужийн амбан захирагчаар ажиллаж байсан, өдгөө 52 настай Сергей Собянин хотын оршин суугчдын, “Нэгдсэн Орос” намын, В.Путины, Д.Медведевийн итгэлийг хүлээж, нийслэлийг авч явах боллоо.
Эрх баригч нам “Нэгдсэн Орос” Москвагийн захирагчид нэр дэвшсэн Игорь Левитин, Валерий Шанцев, Людмила Швецова нарыг ардаа орхисон тэр хэн бэ? ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Сергей Собяниныг өөрөө санал болгосон. Москвагийн Дум энэ саналыг хэлэлцэж, олонхийн саналаар Сергей Собяниныг энэ албанд томиллоо. 32 хүний санал авч, итгэл хүлээсэн тэрбээр олон жилийн турш хуримтлагдсан авлигыг таслан зогсоож, зам тээврийг сайжруулан, нийгмийн халамжид анхаарч ажиллахаа мэдэгдэв.
Мөн хүнд сурталтай эрчимтэй тэмцэхээ ч илэрхийлсэн. Ард түмний итгэл алдсан Ю.Лужковыг ажлаас нь халахдаа Ерөнхийлөгч Д.Медведев ирээдүйн хотын захирагчийн алхам бүрийг хянаж байхаа мэдэгдсэн билээ. Намын нөхдийнхөө дунд тууштай, шударгаараа цуутай энэ эр өмнө нь 600 гаруй мянган хүн амтай Тюмень мужийг авч явсан туршлагатай нэгэн.

2005 оноос Ерөнхийлөгчийн засгийн газарт ажиллаж эхэлсэн түүнийг В.Путины халааг авах нь хэмээн шуугиж байсан ч тэрбээр Дэд сайд болж, харин Д.Медведев Ерөнхийлөгчийн албанд томилогдсон юм. Хос мэргэжилтэй Сергей Собянин Уралын казах гэр бүлээс гаралтай. Насаараа шахуу удирдах ажил хийсэн тэр л Тюмень, Ханты-Мансийскийн зам тээврийн асуудлыг шийдсэн гэдэг.
Захаас нь төв хүрэхийн тулд найман цагаар ч түгжрэлд зогсдог Москвагийн замыг засахаа мэдэгдэв. Түүнчлэн боловсрол, эрүүл мэндийн системд шинэчлэл хийх бодолтойгоо нуусангүй. Ажиглагчдын үзэж буйгаар албанд томилогдсон даруйдаа С.Собянин бэрхшээлтэй тулгарах нь. Москва орчмын газар нутаг ойн түй мэрт нэрвэгдсэнээр хот олон тэрбум руб лийн төсвийн алдагдалд орсон.
Хяссан юм шиг энэ өвөл олон жилийн дунджаас их цас унаж, эрс хүйтэрнэ гэж цаг уурчид анхааруулаад байгаа. Сергей Собянин энэ мэт бэрхшээлийг даван туулж, москвачуудын итгэлийг даан, нийслэлийг хөгжүүлж чадах эсэхийг харах л үлдлээ.
Х.ОДНОО