Зохиолч, сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн Марк Твений бичсэн өөрийнх нь намтар хэвлэгдэн гарахад нэг сарын хугацаа үлдлээ. “Barnes & Noble.com”, “Amazon.com” сайтуудын мэдээлж буйгаар түүний амьдралын түүхийг сонирхон уншигчдын тоо улам нэмэгдсээр байгаа гэнэ.
Удахгүй хэвлэгдэх Марк Твений намтар одоо аваад буй захиалгын тоогоороо Кен Фоллетт, Жон Гришем зэрэг зохиолчийн бүтээлийг ардаа орхин тэргүүлж байгаа аж. Гурван ботиос бүтэх энэхүү намтрыг түүний гэрээслэл ёсоор хорвоог орхисноос нь хойш зуун жилийн дараа олны хүртээл болгож буй нь энэ. Калифорнийн их сургуулийн хэвлэх үйлдвэрээс эрхлэн гаргаж байгаа нэгдүгээр ботийн нээлт ирэх сарын 15-нд болох юм.