Японы “Toyota” 1.5 сая орчим автомашинаа зах зээлээс татах болсноо мэдэгдлээ. Энэ хүрээнд Японоос 598 мянга, АНУ-аас 740 мянган автомашин үйлдвэрлүүгээ буцах болов. 2002-2006 онд үйлдвэрлэгдсэн “Crown”, “Mark X”, “Kluger”, “Harrier”, “Lexus” зэрэг 14 маркийн автомашин үүнд хамаарах юм байна.
Түлшний насос болон тормозны цилиндрийн гэмтлээс болж явж байх замдаа автомашины хөдөлгүүр зогсох аюултай аж. Түүнчлэн түлш алдаж, автомашины тормозлох чадвар буурах магадлалтай гэнэ. Өнөөгийн байдлаар “Toyota” компанид түлшний насосын 417, тормозны цилиндрийн гэмтлийн 284 гомдол бүртгэгджээ.
Гэвч одоогоор үүнээс үүдсэн автомашны осол гараагүйг тус компанийн удирдлага онцолсон байна. Өнгөрсөн оны сүүлчээр “Toyota” есөн сая гаруй автомашинаа буцаан татсан билээ. Энэ нь тус компанийн бүтэн жилийн борлуулалтаас давсан үзүүлэлт байв. Өнгөрсөн жил “Toyota” нийт 7.8 сая ширхэг автомашин худалдаалжээ.