Андрей Сахаровын нэрэмжит олон улсын Сэтгэлгээний эрх чөлөөний төлөөх шагналыг Кубын тэрс үзэлтэн Гильермо Фариньяс хүртсэн тухай “Ройтерс” мэдээллээ.
Европарламентын тэргүүн Ежи Бузек өчигдөр энэ тухай албан ёсоор зарласан юм. Тэрбээр “Страсбург хотноо болох ээлжит чуулганы үеэр Гильермо Фариньяст шагналыг нь гардуулна” хэмээжээ. Хүний эрхийн төлөө амиа үл хайрлан тэмцсэний учир тэрбээр 70 мянган долларын шагналын сантай нэр хүндтэй энэ шагналын эзэн болжээ.
Сэтгэл судлаач, нийгмийн зүтгэлтэн, хүний эрхийн төлөө тэмцэгч Гильермо Фариньяс Кубын засаг захиргааны бодлогыг эсэргүүцэн тэмцдэгээрээ алдартай. Улс төрийн гэмт хэрэгтнүүдийг шоронгоос суллахыг шаардан удаан хугацаагаар өлсгөлөн зарлаж байсан тэрбээр “Кубанакан Пресс” хэмээх чөлөөт хэвлэлийг тэргүүлдэг аж.