Ирак дахь АНУ-ын цэргийн ажиллагааны нууц материалыг “WikiLeaks” сайт амласан ёсоороо нийтэллээ. Пентагоны бие бүрэлдэхүүн, тагнуулын ажиллагаа, стратегийн талаарх 400 мянган бичиг баримтыг тэд олонд дэлгэв. Энэ дайны хөлд амь үрэгдсэн иракчуудын тоог гаргасан нь АНУ, Европын холбоог нэлээд сандаргав.
Хулгайлагдсан баримтыг нийтлэхгүй байхыг “олон улсын” гэх тодотголтой, томоохон хэвлэлүүдээс хүссэн Пентагон энэ удаа том цохилтод ороод байна. “WikiLeaks”-д нийтэлснээр АНУ цэргээ Иракт оруулснаас хойш 110 мянган энгийн иргэн, 15 мянган ирак цэрэг, 3700 америк цэрэг амиа алдсан ажээ.
“Тус сайт нууц материалыг хулгайлж, цэргийн нууцыг задалсан нь үнэхээр харамсалтай” хэмээн Пентагон мэдэгдсэн бол “Туслах, хүний эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах нэрийдлээр хүчирхийлэл үйлдэж байгааг бид хүмүүст хүргэхийг хүссэн” гэж “WikiLeaks” сайтын тэргүүн Жулиан Ассанж хэлжээ.
Мөн долоон жил Вашингтонтой хамтарсан Лондон ч тус сайтыг зүй бус үйлдэлд буруутгалаа. Тэд “Энэ бичиг баримтыг дэлгэснээр тэнд байгаа олон мянган цэргийн ажилтан, тэдэнд мэдээлэл дамжуулдаг иракчуудын амь насыг аюулд учруулж байна” гэж үзэж байгаа юм. Мөн Америкийн цэргийнхэн олзлогдсон хүмүүстэй хэрхэн харьцаж байгааг нийтэлсэн нь улс төр, цэргийн бодлогоос хол жирийн иргэдийн ч бухимдлыг төрүүлжээ.
Өнгөрсөн долдугаар сард Афганистан дахь энхийг сахиулагчдын тухай нийтэлсэн “WikiLeaks” сайт амралтын өдрүүдэд хамгийн их хэрэглэгч үзсэн сайтын жагсаалтыг тэргүүлэв. Хүний эрхийг хамгаалах “Human Rights Watch and Amnesty International” цацагдсан мэдээллийн мөрөөр Иракт барьцаалагдсан, олзлогдсон хүмүүсийн талаар тусгай шалгалт явуулахыг албан ёсоор уриаллаа. “WikiLeaks”-ийн ээлжит шуугианаас нэр цэвэр гарахыг хүссэн Иракийн Дотоод хэргийн сайд Хуссейн Камаль нийтлэгдсэн баримтууд өөрт нь хамаагүй гэдгийг онцлон дурдсан юм. АНУ, Пентагон, эрх баригчдын нэр хүндийг унагаж буй гэгдэх эл нийтлэлээр үнэнийг тогтоох, нөхцөл байдлыг бодитоор харуулахыг зорьсон гэж “WikiLeaks” мэдэгдсэн юм.