“Coca-Cola” корпораци “Malvern Water” цэвэр усны үйлдвэрээ ирэх сарын 3-наас хаах болсноо мэдэгджээ. Олон зууны түүхтэй уг брэндийн эрхийг “Coca-Cola” 23 жилийн өмнө худалдаж авсан боловч үйлдвэрлэлийн хэмжээ маш бага байгаагаас алдагдалтай ажиллахад хүрсэн тухай BBC мэдээлэв.
Их Британийн Хатан хаан II Елизаветагийн хүртдэг ганц цэвэр ус нь “Malvern Water” аж. Тэрбээр гадаад явахдаа ч энэ усыг авч явдаг бөгөөд хааны удмынхны байнгын хэрэглээ гэдгээрээ “Malvern Water” алдартай юм байна. XVI зуунд I Елизавета анх Малверн тосгон дахь уснаас хүртэж үзсэнээс дээрх уламжлал бий болжээ.
Виктория хатан хаан ч “Malvern Water” усны байнгын хэрэглэгч байсан гэнэ. Эдүгээ Малверн тосгоны нэгэн гэр бүлийн компани “Holywell Spring Water” маркийн цэвэр ус үйлдвэрлэж эхэлжээ. “The Daily Mail”-ийн мэдээлж буйгаар уг аж ахуйн нэгж “Malvern Water” брэндийн уламжлалыг үргэлжлүүлж, хааны ордонд ус нийлүүлнэ хэмээн найдаж буй аж.
Д.НАТАША