Парламентын засаглалд шилжин, төрийн түшээдээ сонгосон Кыргызстан улсад хагарал дахин гарч магадгүй байна. Сар гаруй өмнө болж өнгөрсөн сонгуулийн дүнг одоо болтол албан ёсоор зарлаагүйгээс гадна “Бутун Кыргызстан” нам Парламентад суудал авахын тулд гишүүд нь өлсгөлөн зарласан тухай “ИТАР-ТАСС” мэдээллээ.
Мөн дөрөвдүгээр сарын үймээний дараа олноороо бий болсон улс төрийн намууд санал дахин тоолохыг шаардаж, Сонгуулийн Ерөнхий хорооныхон маргааныг хэрхэн таслах талаар “толгойгоо гашилгаж” сууна. Бишкек дэх эрх мэдлийн төлөө дайнд хууль, цагдаа, прокурорын байгууллагууд оролцож эхэлснээр олон хүний аминд хүрсэн өнгөрсөн хаврын хэрэг явдал давтагдаж магадгүй болоод байна.
Энэ үймээний үеэр нас барсан сэтгүүлч Геннадий Павлюкийн дурсгалд зориулсан хөшөөний нээлтэд тус улсын Ерөнхий прокурор Кубатбек Байболов ард түмний цусыг урсгасан явдалд Аюулгүйн албаныхныг буруутгасан нь шуугиан тарив. К.Байболовын үгэнд ундууцсан Аюулгүйн албаныхан “Хээл хахуульд идэгдсэн засгийн газарт зүтгэж байсан Курманбек Бакиевын хамсаатнууд” хэмээн прокурорын байгууллагыг цоллосон аж. Хүчний байгууллагууд ийнхүү тэрсэлдэж эхэлсэн нь цаанаа улс төрийн зорилготой хэмээн ажиглагчид үзэж байгаа юм. Чөлөөлт, нээлттэй сонгууль зохион байгуулсан хэмээн мэдэгдсэн Роза Отунбаева сонгуулийн дүнг зарлахаа хойшлуулаад байгаа нь хачирхалтай.
Өнгөрсөн сонгуулиар олонхийн суудал авсан “Ата-журт” намыг эсэргүүцэгчид газар авсан тухай мэдээлэл ч бий. Мөн улс төрийн, эрх мэдлийн төлөөх марафоноос гадна үндэстэн хоорондын зөрчил даамжирч, томоохон хотуудад зэвсэгт мөргөлдөөн гарч ч магадгүй байгаа аж.