Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай жил бүр Иранаас сая гаруй евро авч нийгмийн хангамж, аюулгүй байдлыг сайжруулах төсөлд зарцуулдаг байснаа албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. “New York Times” сонинд өмнө нь гарч байсан нийтлэлд нөхцөл байдлыг арай өөрөөр дүрсэлсэн билээ. Бэлнээр, шуудай шуудайгаараа Кабулд ирсэн энэ мөнгийг өөрийн улс төрийн, цэргийн хүчний байр сууриа бэхжүүлэх зорилгоор Иран өгч байсан гэж уг нийтлэлд бичжээ.
Өөрөөр хэлбэл Тегераны зүгээс хөрш орнууддаа үзүүлэх нөлөөгөө ихэсгэж, АНУ, барууныхантай тэрсэлдэхийг энэ мөнгөөр захиалж байсан гэсэн үг юм. Хамид Карзай “Манай улс Ирантай нөхөрсөг харилцаатай. Шаардлагатай тохиолдолд тэд бидэнд, бид тэдэнд тусламж үзүүлэх л болно. “New York Times” сонинд гарсан нийтлэл эндүү ташаа зүйл. Улс төр, стратегийн зорилгоор зохиосон худал гүтгэлэг” хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр Иранаас авсан мөнгөө засаг захиргааны хэрэгцээнд зарцуулж байсан гэдгээ онцлов.
Мөн АНУ ч мөнгөн тусламж үзүүлж байсныг дурдлаа. Кабул дахь Ираны дипломат төлөөлөгчийн газар “Шашин нэгт ард түмнүүдийн хооронд яс хаях гэсэн нэг оролдлого” хэмээн энэ тухай мэдэгдсэн юм. Ираны талаас Афганистанд урьд нь ч тал бүрээр найр тавьж байсан. Тегеран 1999 онд худалдааны хил нээж, төрийн түшээд айлчлах нь элбэгшив. Эдийн засаг, соёл, хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэхэд хоёр улс хамтран ажилладаг ч Кабул дахь Вашингтоны нөлөө хоёр улсын хамтын нөхөрлөлийг тодорхой хэмжээгээр хязгаарладаг гэсэн таамаглал бий.
Талибаныг нууцаар дэмждэг гэх яриаг ор тас үгүйсгэдэг Ираны засаг захиргаа шуудай мөнгөний тухай Хамид Карзайн мэдэгдлийг тайлбарлалаа. “Олон жилийн дайнд нэрвэгдэн, эдийн засаг, дэд бү тэц н ь сүйрсэн хөрш улсдаа бид тусалсан” хэмээн тэд өгүүлэв. Мөнгөөр цохиж нөлөөгөө ихэсгэсэн гэдэг нь үнэн бол Ираны бодлогыг дэмждэг орнууд ч хардагдаж эхэлнэ хэмээн улс төр судлаачид, тоймчид үзэж буй. Ингэснээр лалын шашинт зарим нэг орон, ОХУ, уран хамтарч баяжуулдаг Япон Иранаас нүүр буруулж болзошгүй байгаа гэнэ.
Х.ОДОНЧИМЭГ