Индонезийн Ява мужид орших Мерапи галт уул дэлбэрснээс 25 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн түлэгдэж гэмтжээ. Галт уул сэрж, утаа манарч эхэлсэн тухай хоёр хоногийн өмнөөс мэргэжилтнүүд анхааруулж, нутгийн засаг захиргаа ойролцоох тосгон суурингийн оршин суугчдыг нүүлгэх арга хэмжээ авсан юм.
Холбогдох албаныхан 11 мянган хүнийг аюулаас холдуулж амжсан ч хүн амын өндөр нягтаршилтай зарим сууринд оршин суугчид үлджээ. Сүүлийн хорин жилд гурван удаа дэлбэрч зуу гаруй хүний амийг авч одсон Мерапи галаар тургисан хэвээр байна. Мөн энэ үеэр Суматра арлын баруун эргээр цунами болж хэд хэдэн сууринг газрын хөрснөөс арчжээ. Хамгийн сүүлийн мэдээгээр энэ гамшигт 108 хүн өртөн нас барж, 500 гаруй хүн сураггүй болсон аж.
7.7 баллын хүчтэй газар хөдлөлтөөс үүссэн давалгааны өндөр гурван метр хүрч байсан гэнэ. Сингапурт ч мэдрэгдсэн энэ цунамигийн тухай мэргэжилтнүүд мөн л анхааруулж байсан билээ. Суматрагийн баруун хэсэгт орших Пагэй арал дахь газар хөдлөлт намжихгүй байгаа нь тус улсын засаг захиргааг түгшээж байгаа юм. Одоо ч тус бүсэд хүчтэй чичирхийлэл мэдрэгдсээр байгаа бөгөөд дахин цунами болохгүй гэх баталгаа алга байна.
Мэргэжилтнүүдийн тооцоолсноор энэ байдал хэдэн долоо хоногоор ч үргэлжилж магадгүй гэнэ. Гамшигт нэрвэгдэгсдийг аврах, алга бологсдыг хайх ажиллагаанд тасралтгүй орж байгаа ширүүн бороо хүндрэл учруулж байна. Түүнээс гадна бэртэж гэмтсэн хүмүүс одоогийн байдлаар сүрлээр барьсан урцанд хоргодож байгаа бөгөөд эмнэлгийн анхан шатны тусламж ч авч чадаагүй байгаа.
Цунами арван гүүр, дөрвөн сүм, гурван сургууль, хэдэн зуун байр сууцыг сүйтгэж, утас, цахилгаан холбоог тасалжээ. Индонезийн Онцгой байдлын албаныхан эм тариа, майхан, хүнс, цэвэр ус ачсан хөлөг онгоцууд илгээсэн ч үер, бороо зэргээс болж саатаж, хүрэх газартаа очиж амжаагүй явна.
Тус улсын Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдхойоно Вьетнамд хийж байсан айлчлалаа орхин эх орондоо ирж, гамшигт нэрвэгдэгсдэд яаралтай тусламж үзүүлэхэд оролцон зааварчилж, тусламжийн бараа ачсан хөлг үүдийг биечлэн шалгажээ. Учирсан гамшгийг туулахад хүч бололцоогоо дайчлан ажиллахаа мэдэгдсэн тэрбээр одоогоор гаднынхнаас тусламж хүсээгүй байгаа юм.
Х.ЧИМЭГ