Зүрхний шигдээс болсны улмаас Нью-Йоркийн Columbia Presbyterian эмнэлэгт хоёрдугаар сарын 11-ний шөнө хүргэгдсэн АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны биеийн байдал өнөөдрөөс дээрдэж эхэлсэн гэж түүний зөвлөх Дуглас Бенд мэдэгдлээ. Өдгөө 63 настай Б.Клинтоны зүрхний титэм судасны бөглөрлийг мэс заслын аргаар цэвэрлэсэн байна. Мэс заслыг 2004 онд түүнд яг энэ мэс заслыг хийсэн Крейг Смит удирджээ.
Ерөнхийлөгч асан илчлэг ихтэй, түргэн хоолонд нугасгүй нэгэн агаад эмчийн зөвлөлгөөг үл ойшоосноор хоёр дахь удаагаа судас нь бөглөрч байгаа нь энэ юм. Түүний эхнэр Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон Вашигтоноос Нью-Йоркт яаралтай нисэн ирж, мэс засалд орохоос нь өмнө амжиж уулзсан байна. Төрийн нарийн бичгийн дарга ирэх амралтын өдрүүдэд Катар, Саудын Арабд хийх айлчлалаа хойшлуулж магдагүй гэж Төрийн департамент мэдэгдэв.
Б.Клинтон эмнэлгээс гараад удалгүй Гаитид хандив цуглуулах ажлаа үргэлжлүүлэн хийх бодолтой байгаа гэдгийг зөвлөхүүд нь мэдээлжээ.