Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг ирэх намар хүртэл хойшлох нь тодорхой болоод байна. Холимог тогтолцоон дотроо пропорциональ, мажоритарийн харьцаа ямар байхыг эрх баригчид ард түмнээсээ асуухаар болж буй. Улс төрийн шийдлийн хувьд намуудад энэ харьцаа чухал нь мэдээж. Гэхдээ Сонгуулийн хуулийн хэлэлцүүлэг дээр зөвхөн уг асуудлыг тойрон маргаж, УИХ-ын ажлыг хүртэл гацааж байхдаа эрх баригчид жендерийн харьцааны тухай огт бодсонгүй. Жендерийн тухай хуулийг 10 шахам жил ярьж байж баталсан. Ингэхдээ “Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм чинь бүсгүйчүүдийн квотыг түүнд тусгая.
Жендерийн тухай хуулиас энэ заалтыг нь хойшлуулчихъя” гэсэн. Гэвч эргээд энэ тухайгаа санасангүй. Төр төвшин, тогтвортой, тунгалаг байхад арга, билгийн ухаан хэрэгтэй. Манайх шиг УИХ-ын гишүүдийн 96 хувь нь эрэгтэй байж, хүйсийн ямар ч тэнцвэргүй болсон газраас яаж ч хөрсөн дээр буусан бүтээгдэхүүн гарах вэ. “Монголын хууль гурав хоног” гэх мэтчилэн шоглодгийн цаана нь арга, билгийн ухааныг тэнцүүлээгүйн гай оршиж буйг саяхнаас харин зарим нэг нь дуугарах болсон. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой юу, ямар хувилбар нь илүү хэрэгтэй вэ гэх мэт зарчмын асуудлыг ард түмнээсээ асуухаар шийдсэн нь авууштай.
Ямар асуулт сонгохыг УИХ энэ долоо хоногт шийднэ. Шийдвэр гаргах төвшинд бүсгүйчүүдийн оролцоог нэмэхийн төлөө улс төрийн намын дэргэдэх бүсгүйчүүдийн байгууллага, хүний эрхийн болоод төрийн бус байгууллагынхан ажиллаад л байдаг. Үр дүн гардаггүй. Тэгвэл одоо тэд энэ долоо хоногт УИХ-тай “тулж ярих” хэрэгтэй. Сонгуулийн хуулиар санал асуулга явуулахдаа бүсгүйчүүдийн квот байх ёстой юу, хэдэн хувиар тогтоовол улс орны амьдралд эерэг нөлөө үзүүлэх хэмжээнд байх талаар ч асууг. Парламентад нь эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа тэнцүү оронд ямагт зөв шийдвэр гардгийг олон улсын судалгаагаар тогтоосон байдаг. Эрт дээр үеэс арга, билгийн ухаанаар аж амьдрал, ажил төрлөө зохицуулж ирсэн монгол түмэн үүний давуу талыг ойлгох нь лавтай.
Эмэгтэйчүүдийн оролцоо шийдвэр гаргах төвшинд нэмэгдсэнээр тогтвортой, зөвшилцлийн бодлогод шилжиж, задралаас эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний нөөцийн болон хүний нөөцийн чадавхийг эх орны ашиг сонирхлын үүднээс зохистой ашиглах, уян хатан шийдвэр гаргах, хүчирхийлэлгүй нийгэм байгуулах явц эрчимждэг хэмээн судалгаагаар тогтоожээ. Гэхдээ жендерийн харьцаа, бүсгүйчүүдийн сонгуулийн квотыг эн гийнээр тайлбарлаж ойлгуулах шаард лагатай нь мэдээж. Хүйсийн төлөөллийн доод хязгаарыг л квот хэмээн нэрлэдэг. Сонгууль болон томилгоот бүх албан тушаалд эрэгтэй, эмэгтэй хүний эзлэх хувийн доод хязгаарыг квотоор тогтоодог. Нэр дэвшүүлэх, суудал хуваарилах гэсэн хоёр төрлийн квотыг улс оронд түлхүү хэрэглэдэг байна.
Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд одоогоор бүсгүйчүүдэд 15 хувийн квот л тусгасан. Сонгуульд нэр дэвших хүмүүсийн 15 хувь нь эмэгтэй байна гэсэн үг. 2005 онд Сонгуулийн хуульд бүсгүйчүүдэд 30 хувийн нэр дэвшүүлэх квот олгож овоо ардчилсан зан гаргасан түүх бий. Гэвч 2007 он, уг хуулийг хэрэгжүүлэхээс нь өмнө өнөөх квотоо хасчихсан нь төр жендерийн бодлогогүйгээ баталсан хэрэг болсон. Уг нь улсын болоод олон улсын гэрээ, конвенцээр бүсгүйчүүдийн сонгуулийн квотыг хуульчлах, хувь хэмжээг нь нэмэх үүргийг манай улс хүлээчихсэн байдаг.
Бүсгүйчүүдийн байгууллагууд шаардлагаа чангалж, нэр дэвшүүлэх биш суудал хадгалах зарчмаар квот олго, 76 гишүүний 30 нь эмэгтэй байх хууль, эрх зүйн нөхцөлийг ханга хэмээн шаардаж байгаа. Гэвч суудал хуваарилах байтугай нэр дэвшүүлэх квот тусгах асуудлыг УИХ “мартчихав”. Одоо тэгвэл улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн болоод бүсгүйчүүдийн эрхийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагууд квотын талаар ард түмнээс асуулгах талаар ажиллах цаг болжээ. Эрхийнхээ төлөө эрчимтэй тэмцэх, хууль тогтоогчдод ухуулга хийх долоо хоногийн хугацаа л тэдэнд үлдлээ.
С.ТУУЛ