Эргэн тойрон ногооноор хучигдсан “Найрамдал” төвийн тавдугаар ээлжийн амрагчид болон монгол туургатан хүүхдийн урлагийн наадамд оролцож буй хүүхдүүд талбайд жагсчээ. Монгол үндэсний дээл хувцсаар гоёсон тэд дуулж бүжнэ. Энэ бол “Бид хамтдаа” уриатай монгол туургатан хүүхдийн урлагийн их наадмын нээлт юм. Тус наадамд 10 оронд амьдарч буй монгол угсаатан хүүхдүүд оролцож байна. Хар, шар, бор, цагаан арьстай ч монголчуудын үр сад болсон хүүхдүүдийг нэгэн дээвэр дор цуглуулсан наадмын нээлтийн үеэр төлөөлөгч хүүхдүүдтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.
“МОНГОЛ АНУ-ААС Ч ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ САНАГДАЖ БАЙНА”
АНУ-аас ирсэн Моникагийн сэтгэлд Монгол ийнхүү буужээ.
-Сайн явж ирэв үү. Монгол орон ямар санагдаж байна вэ?
-Миний нэрийг Моника гэдэг. Монгол нэрийг маань Г.Молор. Миний аав, ээж монгол. Би Канад улсад төрсөн. Одоо Америкт амьдардаг. Аав, ээж хоёр хааяа Монголын талаар ярьдаг байсан. Монгол туургатны наадамд оролцох тухай санал ирсний дараа би интернэтээс Монголын талаарх мэдээлэл цуглуулж, уншсан. Үнэнийг хэлэхэд тийм ч их юм мэддэггүй. Харин ирснээсээ хойш багагүй зүйл мэдэж авлаа.
-Юу гэж төсөөлж байв?
-Би ийм их хөгжилтэй орон гэж бодоогүй. Бас хүүхдүүд нь дуртай цагтаа гадаа, олуулаа тоглодог нь үнэхээр сонин. Би анх удаа л ийм олон хүүхэдтэй, хүссэнээрээ тоглож байна. Бас бидэнд хоолны үеэр Кока кола өгсөн.
-Кока кола монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон шүү дээ. Та нар өдөр тутам хэрэглэдэггүй юм уу?
-Хүүхдийн шүд болон өсөлтөд муугаар нөлөөлдөг болохоор бид бараг хэрэглэдэггүй.
-Дахиж Монголд ирэх үү. Чи бол монгол хүүхэд шүү дээ?
-Боломж гарвал ирнэ гэж бодож байгаа. Монгол надад АНУ-аас ч эрх чөлөөтэй санагдаж байна.
Унгар улсын төлөөлөгч Сабринагийн сэтгэгдлийг сонслоо.
-Өөрийгөө танилцуулаач. Наадам ямар болж байна вэ?
-Би 12 настай. Манай аав унгар, ээж монгол. Ээжийг маань Цэнгэл гэдэг. Энд амьдарч байхдаа жүжигчнээр ажиллаж байсан. Харин аав минь сийлбэрчин. Би Унгарт байгаа монгол хүүхдүүдээ төлөөлж энд ирсэндээ баяртай байна. Өөр нэг зүйл гэвэл би өнгөрсөн дөрөвдүгээр сард Унгар улсын сурагчдын “Beauty Contest” миссийн тэмцээний тэргүүн байрын шагнал хүртсэн.
-Хамаатан садангуудаас чинь Монголд байгаа биз дээ?
-Ээжийн маань ах, дүүс бий. Би Монголд гурав дахь удаагаа ирж байна. Монголын байгаль, агаар, хүмүүсийн харил цаа, хүүхдүүдийнх нь найрсаг байдал надад үнэхээр таалагддаг. Тийм ч учраас би энд ирэх дуртай.
-Энд амьдрах талаар бодож байсан уу?
-Гэр бүлээрээ удаан зөвлөсний дүнд бид гурав монголд нэг жил амьдрахаар болсон. Би ээжтэйгээ ирсэн. Ирэх сард аав маань ирнэ.
-Монгол сургуульд сурах уу?
-Тийм. Гэхдээ ганцхан жил л сурна.
-Хоол нь таалагдаж байна уу?
-Хоолны хувьд өөлөх зүйл алга. Моника бид хоёрт маш их таалагдаж байгаа гэв.
ОХУ-ын Похн тосгоноос ирсэн Вантеев Саша “Би удахгүй 10 нас хүрнэ. Энэ наадамд оролцохоор манай тосгоноос 24 хүүхэд ирсэн. Бүгд монгол удмынх. Өмнө нь өөрийгөө монгол удамтайг мэдэж байсан ч одоо бүр их ойлгож авлаа. Магадгүй энэ наадам болоогүй бол би ойлгохгүй байсан ч юм бил үү. Хэдийгээр ОХУ-ын иргэншилтэй ч судсаар минь монгол цус гүйж байгаа гэж бодохоор бахархалтай байна. Энэ тухай ойлголтыг “Найрамдал” төвийн бүлгийн багш маань хэлж өгсөн л дөө. Би “Срежим” бүжгийн хамтлагт бүжиглэдэг. Нэгдсэн тоглолтын үеэр миний бүжиглэхийг хараарай” гэв.
Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоноос ирсэн “Эрдэнэс хоёр” хамтлагийн гишүүдтэй уулзлаа.
-Урлагийн наадмын бэлтгэл болон “Найрамдал” төвд амарч байгаа сэтгэгдэлээсээ хуваалцаач?
-Засгийн газрын зардлаар бид энэ наадамд оролцож байгаадаа баяртай байна. Хамгийн гол нь олон найзтай болж, олон шинэ зүйл сурч, мэдэж авлаа.
-Гадаадаас ирсэн монгол хүүхдүүдтэй танилцаж амжив уу?
-Үнэхээр гайхалтай санагдаж байна. Монгол гэх мөртлөө монголоор нэг ч үг мэдэхгүй юм. Цөөхөн хүүхэдтэй танилцсан. Тэд монголоор, бид англи, оросоор ярьж чадахгүйд учир нь байгаа.
БНЭУ-аас ирсэн зураач Мохаттай ярилцлаа.
-Монголд тавтай морил?
-Монгол үнэхээр сайхан орон юм. Харсан бүхэн минь яг л зураг шиг
. -Чиний зурсан зургийг нээлтийн ажиллагааны үеэр харсан. Үнэхээр гоё зурдаг юм билээ?
-Зурах бол миний хообий. “Нүдэнд харагдаж байгаа бүхэн зураг. Гэхдээ яаж байгаагаар нь урлах вэ гэдгээ сайн бодож байгаарай” гэж багш маань хэлдэг юм.
-Монгол хүүхдүүд ямар сэтгэгдэл төрүүлэв?
-Яг өнөөдрийн хувьд би ч гэсэн монгол шүү дээ. Гэхдээ иргэншлийн хувьд биш л дээ. Монгол хүүхдүүд төсөөлж байснаас их өөр юм. Найрсаг, тусч, их сониуч. Гэхдээ тэд маш замбараагүй санагдсан.
-Энэтхэгт монгол хүүхэд олон бий юү?
-Энэтхэгт газар газрын хүүхэд амьдардаг. Монголчууд харьцангуй олон болж байгаа. Гэхдээ төрсөн нутагтаа амьдарсан нь дээр.
-Яагаад?
-Би Энэтхэгт төрсөн болохоор Энэтхэг л юу юунаас үнэтэй. Монгол хүүхдэд ч тийм л байх гэж боддог. Гэхдээ дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй монгол угсаатан хүүхдүүд Монгол руу тэмүүлж байгаа гэлээ.
“Найрамдал” төвийн тавдугаар ээлжийн амрагч хүүхдүүд тэй сэтгэгдлийг нь хуваалцлаа. Улаанбаатар хотоос ирсэн Б.Гэрэл “Би “Найрамдал” зусланд гурав дахь жилдээ амарч байна. Энэ удаад үнэхээр азтай байлаа. Энэтхэг, хятад, орос, америк гээд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн монгол мөртлөө гадаад хүүхдүүдтэй хамт амарч байгаа нь үнэхээр мартагдашгүй. Бага зэрэг англиар ярьдаг учраас олон найзтай боллоо. Монгол туургатан хүүхдийн урлагийн наадамд оролцогч найзууддаа амжилт хүсье” гэлээ.
Эцэст нь бид гаднын 10 улсаас төлөөлөгч хүүхдүүдээ удирдаж ирсэн багш нарын төлөөлөл болгож ХятадМонголын хамтарсан сургуулийн багш Жянь Шян Мэй “Хүүхдийн урлагийн наадамд оролцохоор БНХАУ-ын иргэншилтэй монгол угсаатан таван хүүхэд ирсэн. Монгол хүүхдийн ой тогтоолт, сэтгэн бодох чадвар, аливааг сурах, өөрийн болгох арга төрөлхийн гэмээр гайхамшигтай сайн байдаг” гэв.
Э.СҮНЖИДМАА, Б.МАРТ