Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс мэдээлэв. Тодруулбал, Улаанбаатар хот болон найман аймагт томуу, томуу төст өвчин идэвхжиж байгаа аж. Өрхийн болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн амбулаториор үзүүлсэн хүмүүсийн 10 орчим хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Нийслэлийн хэмжээнд энэ сарын 15-ны байдлаар 2058 хүүхэд хэвтэн эмчлүүлж буйгаас 1216 буюу 59.1 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.
ХӨСҮТ-ийн вирус судлалын тандалтаар томуугийн В, амьсгалын замын синцитиаль, риновирус зонхилж байгаа аж. Тухайлбал, амьсгалын замын синцитиаль вирусний идэвхжил өндөр, өвчлөлийн голлох шалтгаан болж байгааг тус төвөөс мэдээлэв. Эл вирус нь богино хугацаанд өндөр халуурах, хоолой бачуурах, ханиах, амьсгаадах зэрэг шинж тэмдгээр илэрдэг бөгөөд бага насны хүүхдэд уушгины хатгалгаа, гуурсан хоолойн багтраа үүсгэх эрсдэлтэй гэнэ.
Түүнчлэн энэ сарын 2-8-ны хооронд 307 186 хүн амбулаторийн тусламж, үйлчилгээ авснаас 23 877 нь томуу, томуу төст өвчинтэй байжээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос 0.7 хувиар нэмэгдсэн, өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 77.7 хувийг 15, 40.1 хувийг тав хүртэлх насныхан эзэлж байна. Үүнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад томуугийн өвчлөл 2-14 насанд 0.2-5.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.
Ч.Цэлмэг