Орон сууцын санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлгийг Монголбанк, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас хамтран зохион байгуулж, арилжааны банкууд, холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэн болон олон улсын шинжээчдийн төлөөлөл оролцов. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Монголбанк, Засгийн газартай хамтарч орон сууцын ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ хугацаанд 10.7 их наяд төгрөгийн эх үүсвэрээр нийт 140 гаруй мянган өрх орон сууцтай болжээ.
“Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хэмжээ дөрвөн их наяд төгрөгт хүрч, хугацаа нь хоёр дахин уртассанаар уг хөтөлбөр энэ салбарын зах зээлийн хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Гэвч уг хөтөлбөр нь чө лөөт зах зээлийг гажуудуулж, инфляцын дарамтыг нэмэгдүүлэх зэрэг сөрөг үр дагавар бий болгохоос гадна эрэлт нь тогтмол өссөнөөр 5000-6000 иргэний хүсэлт хэдэн жилээр хүлээгдэж буйг бид мэднэ. Иймд хөтөлбөрийг эрх зүйн хувьд шинэ түвшинд гаргах зайлшгүй шаардлага үүссэн” хэмээн Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт энэ үеэр онцоллоо. Түүнчлэн цаашид зургаан хувийн хөнгөлөлтэй зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт үе шаттайгаар шилжүүлэх, шинээр байгуулагдах Орон сууцын санхүүжилтийн банкны анхны хөрөнгө оруулалтыг хийх гэж буйг дурдав.
Засгийн газрын 2025 оны 45 дугаар захирамжаар орон сууцжуулах бодлогын эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, Орон сууцжуулалтын тухай болон Орон сууцын санхүүжилтийн банкны тухай хуулийн төслийг боловсруулан, УИХ-ын хаврын ээлжит чуулганд өргөн мэдүүлэхээр бэлтгэж буй.
Г.Сансар