УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхтэй ярилцлаа. Монголын улс төрд сонирхолтой үйл явдал өрнөж буй цаг үед бидний ярилцлага зөвхөн улс төрийн сэдвийг тойрон өрнөв.
-Сайн байна уу, сайд аа. Сайхан зусаж байна уу. Бороо хур элбэгтэй дэлгэр зун эхэлж байх шиг байна шүү.
-Сайн, сайн байна уу. Сайхан зун болж байна. Зүүн тал руу жаахан бороо орчихвол Монголын зун жинхэнэ ёсоор дэлгэр сайхан болох нь. Долдугаар сард нэлээд халах төлөвтэй. Гэхдээ хор хөнөөл гайгүй байх аа.
-Хоёулаа зөвхөн улс төр яривал болох уу? Сонирхол татсан, Монголын ирээдүйд ихээхэн хамаатай Сонгуулийн хуулийг хэлэлцэж эхэлснээ гацчихлаа. Гацаа хэзээ, яаж гарах бол?
-Улс төр ярьж болно оо. Наад асуултад чинь хариулахын өмнө би нэг жаахан оршил хэлье. Ерөөсөө 1990 оноос хойш буюу зах зээл, ардчилалд шилжсэнээс өнөөг хүртэлх үеийг би хувьдаа гурван үед хувааж болно гэж боддог. Эхнийх нь 2000 он хүртэлх үе. Анх биднийг зах зээлд шилжих үед эдийн засгийн ямар ч хуримтлал байсангүй. Оросоос бүх юмаа авдаг, оронд нь баялгаа маш хямдхан үнээр өгдөг, тэгсэн хэрнээ дандаа өртэй үлддэг, тэгээд л зээлдэг байлаа шүү дээ.Боловсон хүчний хувьд зах зээлийн эдийн засгийн чадавхи гээч юм юу ч байхгүй.
Тэрэн дотроо хамгийн хортой сэтгэлгээ нь нийгмийнхээс өөр өмчийн хэлбэрийг байж болохгүй зүйл гэж ойлгодог байлаа. Тиймээс 1990 онд өөрийн өмчтэй болно гэхээр тэрэн лүү орох зоригтой хүн маш цөөн байв. Ихэнх нь болгоомжилж, цэрвэж, ухарч байсан. Эхэлж ганц нэгээрээ тийш алхаж, алдаж онож, зарим нь холион бантан хийж, идэж ууж, эвдлээд нураагаад эхлэнгүүт за за ер нь болох л юм байна, эднээс юугаараа дутах юм гэсэн дараагийн хэсэг бөөнөөрөө орж ирсэн. Энэ бол өмчийн сэтгэлгээнд өөрчлөлт орж эхэлсэн үе. Зах зээлийн хуримтлалын эхний үе ингэж эхэлсэн.
Тэр нь нэгдүгээрт ганзагын наймаанаас, хоёрдугаарт байгалийн баялгаа зөөж бүрэлдсэн. 2000-2005 он буюу хоёрдугаар үе бол төр өөрөө зах зээлийн ме ханизмыг ойлгож, боловсон хүчнээ бэлдэж, хөрвөж шинэчлэгдэх мөчлөг байсан. Чухамхүү 2000 оноос юм арай өөр болж, бүхий л төвшинд ойлголтууд цэгцэрч эхэлсэн. Хувийн өмч байж болно гэдгийг 100 хувь хүлээн зөвшөөрч эхэлсний дараа сайн, муугаа ялгаж салгаж, хэн нь луйварчин байв, хэн нь зөв замаар зүтгэв гэдгийг ойлгож эхэллээ. Өөрчлөлтийг цааш нь яаж зөв замаар эрчимжүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулж, боловсон хүчний чадавхи ч тодорхой хэмжээнд төлөвшсөн. 2005 оноос “Алтан үе” эхэлсэн. Гадаадад боловсрол эзэмшсэн, сургууль ном хийсэн хүмүүс ирлээ.
15 жил ухнатаж, элдвийг үзсэн хүмүүс маань “Жор үзсэн ламаас зовлон үзсэн чавганц”- ын үлгэрээр овоо ч ойлголттой болоод амжчихсан. Ядуу зү дүү, дутуу дундуур байсан эдийн засагт мөнгө харагдаж эхэлсэн. Улс төрийн намууд жинхэнэ утгаараа эдийн засгийг ойлгодог болсон.
2004 он хүртэл Н.Энхбаярын засаглал оршин тогтнож, улсын эдийн засаг гэсэн ойлголтыг огт өөр өнцгөөс хардаг болоод байв. Харин 2005 оноос хойш эрх баригч, сөрөг хүчний аль аль нь асуудалд ул суурьтай хандаж, эдийн засгаа хэрхэн хөгжүүлэх талаар жинхэнэ ёсоор сэтгэлгээтэй маргалддаг, хэлэлцдэг болсон.
-Чухамхүү энэ үед л эдийн засгийн хэд хэдэн чухал шинэчлэлт хийсэн, тийм үү?
-Тийм ээ. Эхнийх нь татварын шинэчлэлт. 5.0 саяас дээш орлоготой бол 30 хувийн татвар төлдөг, түүнээс бултаж компаниа 10 хуваадаг га жуудлыг засаж, 3.0 тэрбум хүртэл 10 хувиа л төлнө, 3.0 тэрбумаас дээш 25 хувийг төлнө гэсэн шударга зарчимд шилжиж, урьд нь үүссэн, авъя гээд ч авч чаддаггүй татварын өрөө тэглэсэн бол Монгол Улсын хувьд гайхамшигтай зөв гарц байлаа. 68 хувийн татвар гэж юм орж ирснээр мөнгөтэй болсон. Алдаатай ч гэсэн хожоотой алхам байсан шүү.
Хажуугаар нь одоо болтол нийгмийн халамж гээч юмаа чирээд л яваад байгаа. Нэгэнт ажлын байр бий болгож чадахгүй байгаа юм чинь чирэхээс өөр арга байгааг үй. 2004 онд “Хүүхдийн 10.000”-ыг өгнө өө гэсэн чинь энэ л бодлого. Хэрэв чи ажлын байраар хангаж чадахгүй байгаа бол ажилгүй байгаа энэ хү мүүсийг амьдруулах, идэх хоолтой байлгах үүрэгтэй. Тэр үеийн 10.000 төгрөг гэдэг бол хөдөөний таван хүүхэдтэй айлд 50.000 болоод очихоороо хоолтой нь залгуулж байсан шүү. Хамгийн гол нэг олз нь улс төрийн хүчнүүд бие биеэ ойлголцох шат руу шилжиж эхэлсний тэмдэг энэ үед гарч ирсэн.
Томоохон бүтээн байгуулалтууд эхлүүлж амжсан. Бүх аймгуудыг, ихэнх сумдыг эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбосон. Орон сууцны хөтөлбөрүүдийг эхлүүлэв. Замын томоохон бүтээн байгуулалтуудыг тендергүйгээр зөв шилцлөөр гүйцэтгэгчийг томи лон гүйцэтгүүлсэн.
-Гурав дахь үе нь 2008 оноос эхлэх нь ээ дээ?
-Тэгэлгүй яахав. Дээр дурдсан сайхан эхлэл, хөрс суурь тавигдаж, 2008 он гараад ихээ хэн эрч хүч, хурдтай урагшлах нь гэж байтал дэлхийн санхүүгийн хямрал тохиолдсон.
Гэхдээ хамтарсан Засгийн газар байгуулагдсан учраас эдийн засгийн хямралыг хамгийн бага алдагдалтайгаар даван туулсан. Хэрвээ эрх баригч, сөрөг хүчин зэрэгцэн оршиж байсан бол Монгол Улс будаа болох байсан шүү. Үүнийг хүмүүс нэг их ярьдаггүй юм. Хамтарсан байсан тулдаа дэлхийг дэнжигнүүлсэн энэ хямралыг амжилттай даван гарч чадсан.
-Үндсэн хуулийн өөрч лөлтийг энэ парламент хийж чадах уу?
-Заавал бид хийх албагүй. Бид бэлдэж өгөөд, дараагийн парламент хийж болно л доо. Дээр миний дурдсан эдийн засгийн өөрчлөлтийн үе шат өмнөхөөсөө урган гарч байсан шиг, улс төрийн хүрээнд ч өөрчлөлтийн шинэ үе эхэлж байна. Тэр хүрээнд Үндсэн хуулиа өөрчлөх ёстой гэж би боддог.
Орон нутгийн удирдлагыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд өөрөө сонгодог болмоор байна. Тээр дор очиж намаар байлдуулдгийг болимоор байна. Сум, баг, аймгийн амьдралд ер нь нам ямар хамаа байна аа. Аймаг, сумын удирдлага иргэдийнхээ аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бий болгох, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх хоёр гол асуудалд л анхаарлаа хандуулах учиртай.
-Дараагийн сонгууль хаяанд ирлээ. Та Дархан-Уулаас сонгогдсон гишүүн. Тойрог руугаа явж байна уу?
-Засгийн газрын гишүүн гэдэг бол маш их ачаалалтай ажил юм байна. Урьд нь жирийн гишүүн байхдаа байсхийгээд л оччихдог байсан. Одоо тийм чөлөөтэй цаг жаахан хязгаарлагдмал байна л даа. Гэхдээ Монгол Улсын, түүний дотор Дарханы хөгжлийн төлөө гүйцэтгэх засаглалын бүрэлдэхүүнд багтаж зүтгэж байна гэж өөрийгөө ойлгодог. Бид нэг л онгоцон дээр сууж яваа хүмүүс. Сэлүүрийг нь барилцаж яваа хүмүүсийн нэг нь би.
Дархан маань надтай л хамт яваа. Би Дархан руу цөөн очлоо гээд онгоцноос Дархан тасраад үлд чихгүй. Нөгөө талаар намайг зарим сонгогч маань гишүүн, намын бүлгийн дарга байхдаа овоо юм яриад байдаг байсан, одоо чимээгүй болчихлоо, Сайдын албан тушаалаар амаа таглуулчихав уу даа гэж зэмлэдэг. Гэтэл би урьд нь Засгийн газрын алдаа бурууг хөнд лөнгөөс шүүмжлэх, өө сэвийг нь харах боломжтой байр суурин дээр байж.
Одоо бол өөрөө шүүмжлүүлэх, хэлүүлэх байран дээр байж байгаа амьтан байхгүй юу. Засгийн газар дээрээ бол бид байр сууриа чөлөөтэй илэрхийлж, шүүмжлэл өрнүүлдэг. Шийдвэр гарвал үг дуугүй биелүүлэх үүрэгтэй. Нэгэнт Засгийн газрын танхимын гишүүн учраас болохоос нь болохгүйг нь хүртэл зүтгэх хэрэгтэй болж байгаа юм.
-Дархан их сайхан газар. Монгол орны өнцөг булан бүрээс хүмүүс очиж хот байгуулж, суурьшин амьдарч, өсөж өндийсөн. Тэр утгаараа нутаг довын гэхээсээ илүүтэй үзэл бодол уралдуулдаг, ихээхэн ардчилалтай газар. Тэр нь хааяа жаахан сөрөг хандлага болчих гээд байдаг. Тухайлбал Дарханы АН-ынхан жаахан бужигнаантай байгаад байна уу гэж харагддаг. Та тэндээс сонгогдсон гишүүн, бас АНын нөлөө бүхий улстөрчийн хувьд хэрхэн хандаж байна вэ?
-Дархан бол гайхамшигтай сайхан газар. Их өөдрөг, гэгээлэг тэмүүлэлтэй хүмүүс байдаг. Би Дарханд төрж, өсөөгүй. Тэгсэн хэрнээ намайг хоёр удаа Их хуралд сонгосон. Өөрийн эрхгүй сэтгэл зүрх минь тийшээ татагддаг. Тиймээс би өөрийгөө “Дарханы Гансүх” гэж ярих, хэлүүлэх дуртай. Дарханы дахин сэргэлтийн төлөө би зүтгэх үүрэгтэй хүн. Дарханы АН дотор зөрчил байгаад байгааг та зөв олж харж. Угтаа бол цөөхөн хүмүүс хэсэг бүлэг болоод намын удирдлагыг авахаар санаархаж байгаатай холбоотой зөрчил. Нам гэдэг бол нэг бүлэг хүний, эсвэл компанийн өмч биш шүү дээ. Намын удирдлагыг өөртөө хадгалахын тулд танил тал, хамаатан саднаа бөөнөөр нь шургалуулаад байж таарахгүй. Өөрсдийнхөө тэр явцуу эрх ашгийг гүйцэлдүүлэхийн тулд нэгийг нь эрээ цээргүй гүтгэж, нөгөө хэсгийг нь дарамталж байгаа нь зөрчил үүсгээд байгаа юм.
-“Л.Гансүх намынхаа дөрвөн гишүүнийг шоронд хориулж байж сонгуульд ялаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон” гэж хэдэн хүн хэвлэлийн бага хурал хийгээд байсантай дээрх асуудал холбоотой байж таарах нь ээ дээ?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэдэн хүн ийм кампанит ажил өрнүүлсэн. Уг нь бол надтай холбоотой асуудал биш. 2008 оны сонгуульд нэр дэвшиж эхэлж байхдаа нэг нөхөр намынхаа нэг гишүүнийг, тэр үед аймгийн Засаг даргын орлогч, Дархан сумын намын дарга, аймгийн МоАХны дарга байсан хүнийг зодсоныхоо төлөө нэр дэвших эрхээ хасуулж, хэрэгт татагдаж, шоронд суусан.
Өршөөлийн хуулиар шоронгоос гарч ирэнгүүтээ намын удирдлагыг булааж авахыг санаархахад нь намын гишүүд эсэргүүцсэн. Би Дарханы АН-ын хорооны гишүүний хувьд энэ үйлдэлд нь шүүмжлэлтэй хандсан хүний нэг. Тэгэхээр Гансүхийг гайтуулахгүй бол болохгүй гэж тооцоолоод улс төрийн хэлмэгдүүлэлтээр шоронд суулгасан гэсэн юм яриад яваа. Дөрвийн дөрвөн хүнийг улс төрийн хэлмэгдүүлэлтээр шорон руу илгээж байдаг цаг өнгөрсөн шүү дээ. Хэрвээ би намынхаа дөрвөн гишүүнийг шорон руу илгээж байж УИХ-ын гишүүн болсон гэдгийг хуулийн байгууллага тогтоовол УИХын гишүүний мандат, сайдын албан тушаалаасаа огцроход бэлэн. Уг нь гүтгэснийхээ төлөө надаас уучлалт гуйх ёстой байхгүй юу.
Тийм мөс чанар байдаг бол нэг хэрэг. Зүгээр мөрөөрөө ажил төрлөө хийж яваа хүнийг эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгт гүтгэж, эрүүгийн гэмт хэргийн захиалагчийг УИХ-д сонгосон мэтээр Дарханыхны сонголтыг доромжилсон учраас би хуулийн байгууллагад хандсан.
Гэтэл шүүхийн үйл ажиллагаанд санаатай саад учруулаад байсан тул Шүүгч нь захирамж гаргаж, хоёр нөхөрт таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм билээ. Гэтэл өөрсдийнхөө энэ буруутай үйлдлийг улс төрийн хэлмэгдүүлэлт мэтээр зарлаад, түүндээ намайг татан оролцуулж, “Гансүхийн захиалгаар шүүх үүнийг хийж байна” мэтээр гүтгээд байгаа нь үнэхээр дэндсэн хэрэг.
Өөрсдийнхөө санаархалд хүрэхийн тулд юуг ч хамаагүй хийдэг байж болохгүй. Ийм хэрээс хэтэрсэн үйлдэлтэй би эвлэрч чадахгүй гэдгээ хэлчихье.
-Энэ асуудлыг ингээд орхих уу? Та ирэх сонгуульд хаанаас нэр дэвших вэ?
-Хаанаас байхав, Дарханаасаа л нэр дэвшинэ. Дундговиос дэвших гэнэ ээ, энэ тэр гээд байгаа чинь намайг Дарханаас битгий дэвшээсэй гэж бодож байгаа, сонгуульд тэнд өрсөлдөх санаатай хүмүүсийн л хийж буй ажил байх. Дарханыхан намайг, Би Дарханыхнаа мэднэ. Өдгөөг хүртэл намайг дэмжиж, ойлголцож чадсаар ирсэн тэр хүмүүст би ямагт хүндэтгэлтэй ханддаг. Тэгэхээр би тэднийгээ орхиж явах эрхгүй ээ.
-Танд баярлалаа. Та бид хоёр байгаль орчин, аялал жуулчлал гээд сайдын эрхэлдэг асуудлын хүрээг хамарч ярьсангүй. Дараа цаг олдоно гэдэгт найдъя. Таны ажилд амжилт хүсье.
-Баярлалаа.
С.БАТБААТАР