
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийж “Рио тинто” болон “Туркойз хилл” компанийн гүйцэтгэх удирдлагаас өөрт нь хаягласан таван санал бүхий албан бичгийн талаар танилцууллаа. Үүнд “Оюутолгой” төслийн Монголын эзэмшлийн 34 хувьд ногдох бүтээн байгуулалтын зардал буюу 2.4 тэрбум ам.долларын зээлийг бүрэн тэглэснээ дурджээ. Ингэснээр өмнө нь зарцуулсан 22 тэрбум “ногоон”-ы өр ч тасрах юм байна. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлан, хөрөнгө оруулалтын зардалд Засгийн газраас хөндлөнгийн аудит оруулах саналыг хүлээн авахаа илэрхийлжээ. Үүнээс гадна гүний уурхайг 2023 оны нэгдүгээр хагаст ашиглалтад оруулан, байгаль орчин, эрчим хүчний салбарт хамтарч ажиллахаа дурдсан аж. Мөн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо “Яриа хэлэлцээ үргэлжилж буй. Говийн бүсэд гүний ус ашиглах болон байгаль орчны нөлөөллийн асуудал хэлэлцэнэ. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилт буюу “Дубайн гэрээ”-г ямар нөхцөлөөр цуцлах, гэрээнд ямар өөрчлөлт оруулбал талууд цаашид маргахгүй байх талаар ярилцана” гэлээ.
Бэлтгэсэн С.Цэрэн