
“Дотуур байр-Хүүхэд хамгаалал” хэлэлцүүлэг өнөөдөр МУИС-ийн Номын санд боллоо. ГБХЗХГ-ын Гэр бүл, хүүхэд хамгааллын газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал энэ үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр хэлэхдээ “Энэ хичээлийн жил эхэлснээс хойш хүүхдийн эрхийг зөрчсөн талаарх 454 дуудлага хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн. Уг мэдээлэлд багш сурагчидтай зүй бус харьцсан. Сурагчид бие, биенээ ялгаварлан гадуурхсан. Мөн дотуур байранд халаалт муу, хүүхдийн аюулгүй байдал хангалтгүй. Гадаа ил нүхэн жорлонтой. Усанд орох боломжгүй. Дотуур байрны багш хүүхэдтэй зүй бус харьцсан зэрэг дуудлага мэдээлэл түлхүү ирсэн байна.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6.2-т хүүхэд ямар нэгэн эрсдэлт нөхцөлд байгааг мэдсэн, ажигласан, таамагласан бол заавал мэдээлэх ёстой. Хэрвээ заавал мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол тухайн хүүхдэд учирсан гэм хороос хамаарч, зөрчлийн тухай хуулиар, бүр бие махбодод сөрөг нөлөө үзүүлсэн байвал эрүүгийн тухай хуулиар ч яригдах асуудал үүснэ.
Орон нутагт байгаа аймгийн засаг дарга нар ядаж ганц удаа дотуур байраа эргэчих хэрэгтэй. Хүүхдүүд рүү чиглэсэн ажлыг орон нутагтаа зохион байгуулж, орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргаж, дотуур байрны стандартыг хангах хэрэгтэй байна.
Мөн боловсролын салбарт нийгмийн ажилтны хүрэлцээ хангалтгүй байна. Хороонд нэг нийгмийн ажилтан 1000 хүнд үйлчилж байгаа бөгөөд тэдний ачаалал 4.3 дахин их байгаа юм. Гэтэл дэлхийн нийтэд 10-20 үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлэх нормтой байдаг” хэмээсэн юм.