
Монголбанкны мөнгөний бодлогын хороо өчигдөр хуралдан, дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд мөнгөний бодлогын хүүг зургаан хувь хэвээр үлдээн, урт хугацааны репо санхүүжилтийн хэмжээг ирэх оны нэгдүгээр улиралд 250 хүртэл тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх талаар мэдээлэв. Түүнчлэн репо санхүүжилтийн хүүг бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмэгдүүлсэн хувиар тооцох болжээ. Мөн долларжилтыг бууруулах, төгрөгийн өгөөжийг хадгалах зорилгоор гадаад валютын заавал байлгах нөөцийн хувийг гурван нэгжээр ахиулж 18-д хүргэсэн байна. Өнгөрсөн сард инфляц улсын хэмжээнд 10.5, Улаанбаатарт 10 хувь хүрч хоёр оронтой тоонд шилжсэн. Энэ нь Төвбанкны зорилтот түвшнээс давсан үзүүлэлт боловч ирэх оны сүүлийн хагаст зорилтот түвшинд хүрэх төлөв бий гэлээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт тийнхүү урт хугацаанд хадгалагдах нь нийлүүлэлтийн сүлжээний саатал, тээвэр ложистикийн хүндрэл, хүнс, шатахууны үнийн өсөлт зэргээс шалтгаалах аж.