
Эрчимжсэн мал аж ахуйн ферм байгуулах зорилготой “Миний хөдөө” төслийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн “Данздо” компанийнхан сүүний болон махны чиглэлийн үхэр, хүнсний ногооны хүлэмж түрээслэх, худалдах үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгожээ. Тус компани дэлхийн стандартад нийцсэн, бүрэн механикжсан фермийг Төв аймгийн Батсүмбэр сумд байгуулж, 10 га талбайд малын шүүст болон бүдүүн тэжээл, хүнсний ногоо тариалж байгаа аж.
Тэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэд ойртуулах, хөрөнгө оруулалтын шинэ орчин бүрдүүлэх, хөдөө аж ахуйн салбарт технологийн дэвшил ашиглах зорилтын хүрээнд “Миний хөдөө” аппликэйшн бүтээж, дээрх үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Хэрэглэгч сүүний чиглэлийн үхэр түрээсэлснээр саалийн гарцаас хамааран өдөр бүр өгөөж хүртэх боломжтой гэнэ. Харин махны чиглэлийн эр тугал түрээсэлснээр урт хугацааны дараа буюу нас бие гүйцсэн хойно нь ашиг хүртэх нь. Хүлэмжийн хувьд жилийн аль ч үед түрээслэх боломжтойгоороо онцлог бөгөөд хэрэглэгч сонгож тариулсан ногооныхоо төрлөөс хамаараад долоо хоног, сар, улирал бүр ногдол ашиг авах боломжтой юм байна.
Бэлтгэсэн Ж.Сувд