
"Цар тахал ба Хүний эрх" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 15-нд Хүүхдийн урлан бүтээх төвд боллоо. Шог зураачдын "Шогч бийр" холбоо, Монголын "Эмнести Интернэйшнл" байгууллага хамтран жил бүр ийм нэртэй үзэсгэлэн дэлгэж, үзэгчдийн хүртээл болгодог уламжлалтай. "Шог зургийн үзэсгэлэн"-гийн үеэр "Шогч бийр" холбооноос анхны шагналаа Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цогтбаярт олгожээ. Нийгмийн амьдрал, улс орны улс төрийн байдлыг хошин хэлбэр зурдаг чөлөөт уран бүтээлч тэрбээр шагнал аваад "Ихэнх шагналаас ичдэг болсон энэ цаг дор харин бахархаж хүндэтгэмээр нэгэн омогшуулал хүртсэнээ хуваалцъя. Мэргэжил нэгт нөхдийн маань үнэлгээ үнэлэмж болохоор бүр л үнэ цэнтэй, утга учиртай. Байгуулагдаад удаагүй "Шогч Бийр" шог зураачдын холбооноос жил бүр шилдгээ шалгаруулж байх шийдвэр гарсны анхных нь энэ бөлгөө. Цомын загварыг манай барималч, шог зураач Н.Оргил маань хийсэн бөгөөд хад чулууг хага яран ургаж буй цэцгийн дэлбээ нь бийрийн хэлбэртэй байгаа нь юунд ч үл хоригдох үзэл санаа, үнэний төлөө дуугарч чадах уран бүтээлийг бэлгэдсэн аж. Сонгож авсан ардчилал эрх чөлөөний замаараа алдаа оноогоо цэгнэн дүгнэж улам урагшлах уу аль эсвэл нэг намын дарангуйлал, үзэл суртлын нөлөөлөл, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх боломжыг нь улам ихээр хааж боох цензуртай тоталитар дэглэм рүү буцах уу гэдэг салаа зам дээр ирчихээд байгаа эгзэгтэй энэ л цаг үед ийнхүү шог зураачид маань нэгдэж нийлж эргэнд сэргэж өндийж байгаа чухам л цагаа олсон хувьсгалын тохироо, чөлөө завшаан хэмээн сэтгэл өег өөдрөг, цоглог цовоо болж ирж байна шүү. Бид хамтдаа байхдаа илүү хүчтэй" хэмээн сэтгэл хөдлөлөө олонтой хуваалцжээ.
