
“Эрдэнэс алт ресурс” компанийн хайгуулын үр дүн гарч эхэлжээ. Тус компани энэ оны бизнес төлөвлөгөөндөө хайгуулын дөрвөн талбайдаа геофизикийн ажил хийхээр тусгасан. Төлөвлөгөөний дагуу өнгөрсөн долдугаар сарын 3-наас Хүрэнцав, Мухар хар толгой, Довжоот, Халзан талбайд хайгуулын ажил эхлүүлсэн байна. Соронзон болон цахилгаан хайгуул, түүний зүсэлтийн ажлыг гүйцэтгэж, энэ оны есдүгээр сарын 11-нд хээрийн, өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт судалгааны ажлын үр дүнгийн тайланг бүрэн дуусгажээ. Геофизикийн ажил гүйцэтгэгчээр “Галакси гео Монголиа” компани ажилласан байна. Хайгуулын үр дүнд Хүрэнцавын алтны илрэл дэх хүдэржилтийг голлон агуулагч бүс нь нарийвчилсан соронзон зураглал, цахилгаан хайгуулын туйлшралын үр дүнгээр эерэг үзүүлэлттэй гарсан аж.