
“Шивээ-Овоо” компанийн хувьцааг өнгөрсөн долоо хоногт хоёр удаа хаалттай хүрээнд арилжжээ. Тус компанийн нийт хувьцааны 4.2 хувьтай тэнцэх хэмжээтэйг нь арилжсан байна. Тодруулбал, нийт 557 921 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 2200 төгрөгийн ханшаар борлуулжээ. Хэлцлийн нийт дүн 1.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Хоёр удаагийн арилжааны тоо ширхэг болон үнийн дүн ижил байсан гэнэ. “Шивээ-Овоо” компанийн 278 961 ширхэг хувьцааг өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт 613.7 сая төгрөгөөр арилжсан бол баасан гарагт мөн төдий хэмжээний хувьцааг ижил үнээр худалджээ.
Төвийн бүсийн эрчим хүчний системийн цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг “Шивээ-Овоо” компанийн хувьцааны зах зээлийн хаалтын ханш 1900 төгрөгтэй дүйж байна. Ингэснээр зах зээлийн үнэлгээ нь 25.49 тэрбум төгрөгт хүрэв. Тус компанийн хувьцааны ханш 2011 онд 15 300 төгрөгт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт юм. “Шивээ-Овоо” компанийн хувьцааны 90 хувийг “Эрдэнэс Монгол”, 8.32-ыг “БиДиСек” үнэт цаасны компани эзэмшиж байсан.