
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийнхэн 2019 оноос манай улсад хэрэгжүүлж эхэлсэн “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хамгаалахад хувь нэмэр оруулах нь” төслийнхөө хүрээнд “Монголын биологийн олон янз байдал” аппликэйшн бүтээв. “Mongolian biodiversity” нэрээр цахимд байршуулаад буй эл аппликэйшн Монгол орны бүх амьд организмын мэдээллийг багтаахаараа онцлог. Одоогийн байдлаар загас, хоёр нутагтан, мөлхөгч, шувуу, шавж, аалз, хөхтөн амьтад гэсэн долоон ангилал үүсгэн, холбогдох мэдээллийг бүрэн оруулжээ.
Төслийнхөн “Монгол хүн бүрийг хүрээлэн буй орчныхоо амьтан, ургамлыг таньдаг, ажигладаг, хайрлан хамгаалдаг болгох нь бидний зорилго. “Монголын биологийн олон янз байдал” аппликэйшнийг бүтээхийн тулд байгаль орчны төрийн бус байгууллага, тэдгээрт ажилладаг тэргүүлэгч судлаачидтай хамтран ажилласан” гэв.