УИХ-ын ээлжит сонгуулийн уур амьсгал хэдийнэ оржээ. Улс төр одоохондоо амарч байгаа ч намууд үүр үүрэндээ энэ талаар шивнэлдэж эхэлсэн байна. Гэмгүй царайлан найр наадам хэсэж буй гишүүд, улстөрчид цаагуураа сонгуулийн сурталчилгаагаа эхэлчихсэн, нүхээ малтаад явж буй нь ч нууц биш. Гэхдээ намууд сонгуульд хэрхэн оролцох албан ёсны шийдвэр, чигээ шийдэх хурлыг ирэх сараас товложээ. Гуравдагч хүчин хэмээн нэрлэдэг намууд Сонгуулийн хуулийг, тогтолцоог өөрчлөх эсэхийг харзнаж буй ч бэлтгэл ажилдаа орсон аж. 2012 оны сонгуулийн марафон ийнхүү эхэлж, хэн хэн өрсөлдөх тухай ч дуулдах болов. Намууд ирэх сонгуульд хэрхэн оролцохоор төлөвлөж буйг сонирхлоо.
МАН
МАХН хэмээх “шүдний өвчин” энэ намд бий. Дээрээс нь 80 гаруй жил өөртөө “нааж” явсан нэрээ МАН болгоод сольчихсондоо тэд битүүхэн эмээж яваа. Ядаж байхад МАХН нэрийг нь Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр тэргүүтэн тэмцэж байгаад өөрийн болгочихсон. Орон нутгийн, мэдээллээс хомс иргэн хуучны “ах” нам нь нэрээ өөрчилж, МАН болсон, үүнийгээ “МАН бол МАХН-ын зүй ёсны эхлэл бөгөөд үргэлжлэл” хэмээн зогсоо зайгүй бачимдан тайлбарлаж явааг ойлгоо ч үгүй байж мэднэ. Тиймээс саналын хуудсан дээр МАН-аас нэр дэвшигчийг биш, андуураад МАХН-ынхныг дугуйлчих вий гэх айдас тэдэнд байгаа юм. Айдсаа ялах гээд л МАН ухуулгаа нэрээ сольсон цагаас хойш хийгээд байгаа л даа. Дээрээс нь МАХН-ыг түлхэх бүх аргаа хэрэглэж байгааг ч хэлэх үү.
Юутай ч Монголын хамгийн том, бас туршлагатай нам нь энэ. Тэд түүхэндээ өөр намтай хамтарч сонгуульд оролцож байсангүй. Хэзээд буурь зааж, 76 тойрогт нэр дэвшигчээ сойж явсан. 1996-2000 онд цөөнх болсныг эс тооцвол дандаа төрийн эрх барьж байгаа. Гэхдээ энэ удаа нэрээ сольж, үзэл баримтлалаа өөрчилсөн учир сонгуулийн уламжлалт аргаа ч өөрчилж мэдэх гэнэ. Нөхцөл байдал МАН-ын хувьд дээр дурдсанчлан “эмзэг” байгаа нь үүний шалтгаан. УИХ-д олонх болсон атлаа АН-тай хамтарч Засгийн газар байгуулсан. Энэ шийдвэр нь хоёр намыг нэгдэж “МАНАН” боллоо гэсэн ойлголт олон нийтэд төрүүлээд авсан. Гуравдагч хүчний зарим нам “Ирэх сонгуульд энэ хоёр нам хамтарч орно” гэсэн дүгнэлт хийгээд сууж байна. МАН олон жилийн туршлагаа өөрчилж, АН-ыг хамтрагчаар сонгох уу, эсвэл дангаараа өрсөлдөх үү гэдэг нь удахгүй тодорхой болно.
АН
АН хэзээд нэгдэхээс буцаж байгаагүй. Монголын хоёр дахь гол хүчин учир сонгуулийн үеэр АН-ын хаяаг бараадагчид олон. Энэ удаа АН мөнхийн өрсөлдөгч МАН-тай хамтрах болов уу. Өрсөлдөгчид өвөр түрийндээ орох өвөрмөц сонгууль болох гэж үү. Тэгвэл энэ яриаг УИХ-ын дэд дарга, АН-ын гишүүн Г.Батхүү үгүйсгэв. Сонгуульд хэрхэн оролцох эсэхийг намын удирдлагын төвшинд эхлээд ярих учиртай, тэнд иймэрхүү яриа өрнөөгүй гэнэ. МАНАН болж, гуравдагчдад нэг шат ахин хоёрдогч болох боломжийг тавьж өгөхгүйгээ мэдэхтэйгээ байгаа бололтой.
ҮШН
Цагтаа төрийн эрхийг барилцаж, Засгийн газарт гурван ч сайдын суудал эзэгнэж явсан нам гэдгийг уншигчид мэднэ биз ээ. 2008 оны сонгуульд ҮШН, Эх орон, БНН “Гуравдагч хүчний холбоо” байгуулан оролцсон. Нэрээ нэгтгэж, нэг туган дор жагсаагүй ч тойрог давхцуулж, нэгэндээ “шавар хаах”-гүй байх зарчим дээр тохирсон байв. 25 хүн сойсон ҮШН 2008 оны сонгуулиас нэг ч суудалгүй үлдсэн. Үүнээс хойш тэд Үндсэн хуулийн өөрчлөлт, үндэсний үзэл бүхий төрийн бодлоготой болох санаа дэвшүүлж, түүнийгээ сурталчлах ажил хийж яваа. Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан гэх мэт лидер тэдэнд бий. Гэхдээ нэг үе өнөөх ганц лидер нь намаа мартаж, улс төрөөс хөндийрөн уул уурхай сонирхож яваа дуулдсан.
Сонгууль дөхмөгц тэр эргээд ирж мэдэх л юм. Тус нам ирэх сарын 9-нд их хурлаа зарлажээ. Сонгуульд хэрхэн оролцох, улс төрийн өнөөгийн нөхцөл байдал зэргийг ярилцана. ҮШН дангаараа, бас хамтарч сонгуульд өрсөлдөж үзсэн туршлагатай. Энэ удаа тэд сонгуульд хэрхэн оролцох хөтөлбөрөө боловсруулах аж. Түүнийг нь дэмжсэн намтай хамтарч сонгуульд оролцох төлөвлөгөөтэй байгаа юм билээ. 2008 онд нэгдэл байгуулсан нөг өө хоёр нам сураг алдарсан учир хэнийг сонгох нь тодорхойгүй байна. АН-аас тасарч, тангараг тасарсан тул тэдэнтэй хамтрах хувилбар байхгүй. Жижиг намуудаасаа л “ханиа” хайх нь.
Эх орон НАМ
2008 оноос хойш энэ намд дампуурлын үе тохиосон гэхэд болно. УИХ-д долоон суудал авч мандаж явсан ч 2008 онд аз ивээсэнгүй. Нэг ч суудалгүй үлдээсэнд нь гишүүд намын даргаа буруутгаж, солих асуудал хөндсөн. Гэвч Б.Эрдэнэбат тамгаа тэврээд тэднээс зугтсан юм. АНУ-д байна, хаа нэгтээ Хөвсгөлд явна гэх сураг сонсогдсоноос биш тэр намаа гаргуунд нь хаячихсан. Цөөнгүй гишүүн нь намаасаа гарч, зарим нь өрх тусгаарласнаа зарлаад авсан. Гэтэл өнгөрсөн хавар улс төрийн намууд мөнгөгүй сонгууль хийх тухай гэрээнд гарын үсэг зурах үеэр сураг алдарсан Б.Эрдэнэбат гэнэт Төрийн ордонд морилох нь тэр. 2012 оны сонгууль дөхсөнийг санаж л дээ.
Улмаар дампуурсан намаа сэргээхийг оролдож байгаа гэнэ. Хамтарч, бас дангаар хүч сорьж үзсэн тэд энэ удаа эхний хувилбарыг сонгохоо мэдэгджээ. Гэхдээ намаа босгож чадахгүй бол Б.Эрдэнэбат амиа бодож, өөр нэгний хаяа түших “Б төлөвлөгөө”-тэй яваа гэх мэдээлэл ч гарсан. Юутай ч тус намын нарийн бичгийн дарга, Байгаль орчны сайд асан И.Эрдэнэбаатар Дээд шүүхэд бүртгэлтэй намуудтай уулзаж, ирэх сонгуульд хэрхэн оролцох талаар санал солилцож яваагаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Сонгуулийн хуулийг баталж, Тавантолгойн гэрээг хэрхэн шийдэхийг тэд харзнаж буй гэнэ. Үүний дараа Эх орон нам байр сууриа тодруулах аж.
ИЗ-НН
ИЗН 2008 онд анх удаа дангаар оролцсон. Нэгдэж, салж, хулхидуулж ханаснаа гайхаад ийм шийдвэрт хүрч байв. Ингээд намын дарга С.Оюун л сонгогдсоныг бид мэднэ. Гэхдээ нэгдэхийн давуу талыг тэд ор тас үгүйсгэхийг хүссэнгүй. Парламентад суудал авсан Ногоон намтай нэгдэж, ИЗ-НН болов. Дээд шүүхийнхэн амралтаа аваад завгүй байгаа болохоор тус намыг албан ёсоор бүртгэх эсэх асуудал гацаад байгаа юм. Ногоон намтай 2008 онд хамтарч, Иргэний эвсэл байгуулсан бусад нам энэ явцыг эсэргүүцэн, тангараг тасарсан. Уг нь тухайн үед гурван нам нийлсэн эвслээс 36 хүн сойж, НН-ын дарга Д.Энхбат сонгогдож байв.
Явцын дунд НН-ын сонголт ИЗН болж хувирсан. ИЗНН- ынхны тухайд 2012 оны сонгуульд дангаар орох уу, иргэний чиг баримжаатай намуудтай хамтрах уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Тэд мөн л Сонгуулийн хуулийг хэрхэн өөрчлөхийг ажиглаж сууна. Нэгдэх эсэхэд тэдний байр суурь нээлттэй аж. УИХ-ын намрын чуулган эхлэхтэй зэрэгцээд намуудын нэгдэх, эвсэх яриа хэлэлцээр бүр эрчимжинэ. Тогтолцоо хувь тэнцүүлсэн, эсвэл холимог, мажоритари байх эсэхийг харгалзаад тэд сонгуулийн тактикаа илүү тодорхой болгох нь ээ.
С.ТУУЛ