
Монгол Улсын 30 гаруй мянган иргэн БНСУ-д ажиллаж, амьдардаг гэсэн тоо бий. Амьдрал ахуй, боловсрол мэдлэгээ дээшлүүлэхээр хүний нутагт очсон тэд чамлахааргүй мөнгөний урсгалыг эх орон руугаа чиглүүлдэг. Энэ утгаараа тус орныг сонирхохгүй, мэдэхгүй монгол хүн бараг үгүй гэхэд хилсдэхгүй болов уу. Үүн дээр нэмээд солонгос дуучид, жүжигчид гээд тал бүрийн мэдээллийг дамжуулдаг сурталчилгааны том зэвсэг байна. БНСУ гадаадад эх орноо сурталчлах бүхэл бүтэн албатай юм билээ. Тэрхүү байгууллага буюу Соёл урлаг, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Гадаадад Солонгосын соёл урлагийг сурталчлах агентлагийн урилгаар тус улсад долоо хоног зочлоод ирлээ.
Монгол, Солонгос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 21 жилийн ойн хүрээнд энэ сарын 21-нд БНСУ-ын Ерөнхийлөгч И Мён Бак манай оронд айлчлахтай холбогдуулан Монголын хэвлэл мэдээллийнхнийг ийн урьсан юм. Инчон дахь олон улсын нисэх онгоцны буудлаас такси хөлөглөн Сөүл рүү явлаа. Дайран өнгөрч буй газар орны тухай, очих газартаа хүрэхэд хэчнээн хэмжээний зам туулахад хэдэн цаг зарцуулах болон хэдэн үйлчлүүлэгчтэй явж байгаа гэх мэтчилэн олон мэдээлэл таксинд суурилуулсан автомат самбар дээр гарч байна. Дамжин өнгөрөх автозамын товчоонд мөнгө төлөх гэж цаг алдах хэрэггүй болж. Бүгдийг нь цахим хэлбэрээр зохицуулж байна. Техник технологийн хөгжил Солонгост хэр хурдацтай байгааг мэдэрлээ. Дэлхийн томоохон улсуудын жишгээр солонгосчууд ЗD, 4D технологид шилжиж, iphone, ipad-ыг өргөн хэрэглэх болжээ.
Аливаа мэдээллийг хаа байгаа газраасаа цахим хэлбэрээр авч байна. 1960-аад онд уулаа нүцгэртэл модоо огтолж, мөр бүтэн явахын тулд америк цэргүүдийн хуучин хувцсыг будганд оруулан өмсөж, хоол хүнсгүйн улмаас хулсан шаахайгаа буцалган шүүсийг нь ууж, бараг бөөсөө түүж иддэг байсан гэх энэ улс маш богино хугацаанд дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэх болсон нууц нь хөдөлмөрч, байнга эрэлхийлэгч зантай нь холбоотой гэж тайлбарладаг. Үүн дээрээс төр засгийн зөв бодлого, хамгийн гол нь эх орноо гэсэн хүн бүрийн халуун сэтгэл маш том хөшүүрэг болсон гэдэг. Тус улсын одоогийн Ерөнхийлөгч И Мён Бакийн “Ногоон хөгжил” бодлогын үрээр Солонгосын төрх асар их өөрчлөгдсөн гэдгийг хүн бүр л хүлээн зөвшөөрч, алхам тутамдаа ярих юм билээ. Үүний тод жишээний нэг нь Чонгэчон голыг сэргээсэн явдал юм байна. Сөүл хотын төвд орших Чонгэчон гол 5.8 км урт.
Чусоны үед Тэчон хэмээдэг байсан уг гол өмнө зүг рүү урсан Жуннанчон хэмээх жижиг голтой нийлэн Хан мөрөнд цутгаж, Шар тэнгис рүү урсдаг байж. Чусоны үеэс алдартай, хүн ардыг ундаалдаг байсан энэхүү гол үхээд сэхсэн гэж болно. Учир нь 1977 онд голын ундаргыг дарж, дээр нь хоёр давхар гүүрэн зам байгуулсан юм билээ. Автозам тавих суурийг Ерөнхийлөгч И Сын Ман тавьж, 1968 онд Пак Чон Хи Ерөнхийлөгч зам барих ажлыг эхлүүлсэн нь тухайн үедээ асар том бүтээн байгуулалтад тооцогдож байв. Энэ ажил 20 жилийн турш олон үе шаттайгаар үргэлжлэн, 1977 он гэхэд автозамыг ашиглалтад оруулжээ.
Хоёр Солонгосын дайны дараагаар буюу 1960-аад онд гол нэлээд ширгэж, урсац нь муудсан гэдэг. Шалтгаан нь дайны дараах Сөүлийг чиглэсэн их нүүдэл, хүн амын төвлөрөл аж. Энэ үед 250.000 хүн голын эрэг орчимд нүүдэллэн ирсэн гэдэг тоо байна. Түүнчлэн хүчтэй бороо, үерийн улмаас шавар, элс голын усанд бөөгнөрч, урсгал нь татрах бас нэгэн шалтгаан болсон гэдэг. Удаан хугацаанд үргэлжилсэн дайны уршгаар эдийн засгийн уналтад орсон тус улсын Засгийн газар автозам, дэд бүтцэд түлхүү анхаарч Чонгэчон голыг сэргээх хөрөнгө мөнгөгүй хэмээн амийг нь “тасалж” гүүр барьжээ. Энэхүү голтой хамт Чусоны анхны хааны хатны бунхны чулуу, эртний гүүр зэрэг түүхийн нандин дурсгал, өв соёл бетонон дор “булшлагдсан” байна.
2003 оны долдугаар сард тухайн үеийн Сөүл хотын дарга, одоогийн Ерөнхийлөгч И Мён Бак Чонгэчон голын ундаргыг сэргээх төсөл хэрэгжүүлэн, өмнө нь бүтээн байгуулсан автозамыг буулгажээ. Тэр үед гүүрэн замыг дагасан 60.000 ажлын байр, 200.000 хүний амьжиргаа тасалдахад хүрсэн учир Мээрийн санаачлан эхлүүлсэн ажил маш их эсэргүүцэлтэй тулгарсан гэдэг. Энэ ажлыг эхлүүлэхийн тулд тэр газарт үйл ажиллагаа явуулдаг хүмүүс, аж ахуйн нэгж үүдтэй 4000 удаа хэлэлцээр хийж, зөвшилцөлд хүрсэн байна. Өдгөө Чонгэчон гол нь олон нийтийн очих дуртай газар, аялал жуулчлалын төв болсон төдийгүй Сөүл хотын шинэ төрхийн илэрхийлэл болж. Энэхүү голыг сэргээж, урсцыг нь сайжруулахын тулд хэд хэдэн шаттай үйл ажиллагаа явуулжээ.
Юуны өмнө 30 гаруй жил голын ундаргыг дарсан гүүрэн замуудыг буулгасан. Ингэхийн тулд бетонон хана зүсэх зориулалттай очир эрдэнийн хошуу бүхий төхөөрөмж хэрэглэсэн нь нэгд үгээрт тоос, шороо босохоос сэргийлсэн, хоёрдугаарт тэрхүү байгууламжид хэрэглэсэн бетонон хавтангуудын 95 хувийг эргүүлэн ашигласан юм байна. Энэ нь эдийн засгийн хувьд маш их хэмнэлттэй ажилласан гэсэн үг. Голыг сэргээх бүтээн байгуулалтад өмнө нь тэнд ажиллаж байсан хүмүүсийг татан оролцуулж, эргүүлэн ажлын байраар хангасан байна. Дараагийн шатанд урсцыг нь сайжруулахын тулд голыг ухаж, бороо, үерийн улмаас олон жил хуримтлагдсан элс, шороог зайлуулжээ. Түүнчлэн эрэг орчмын газрыг цэвэрлэн, ухаж, өргөн болгон хашлага хийснээр хөрсний гулгалтаас хамгаалсан байна.
Чонгэчон голын ундаргыг дарснаар тэнд байсан олон зүйлийн загас, усны хорхой, шувууд, ургамал гээд амьд ертөнцийг тэр чигээр нь устгасан эмгэнэлтэй түүхтэй. Тэгвэл голыг сэргээснээр өдгөө 500 төрлийн амьтан, ургамал тэнд идээшиж, нүүдлийн шувууд хүртэл ирдэг болжээ. Мөн Сөүл хотын агаарын температур 3-3.5 градусаар буурсан, автозамын ачаалал 2.3 хувиар багассан, хотын бүтээн байгуулалт, хөгжлийн ялгааг арилгасан зэрэг олон асуудал эергээр шийдэгдсэн юм билээ. Энэхүү голыг сэргээснээр Хан мөрний ус жилдээ 120.000 тонн усаар сэлбэгдэх болсон. Түүнчлэн голын ундарга бетонон дор дарагдсан ч байнга урсаж байсан учраас гүүрэн замын суурь чийгэнд идэгдэн хөгцөрч, ан цав үүсэж, метаны хий ихээр ялгарах болсон нь агаарын бохирдол, экологийн тэнцвэрт байдал алдагдахад багагүй нөлөөлж байсныг энэхүү бүтээн байгуулалтаар шийдэж чаджээ.
Өдгөө сэргэсэн Чонгэчон гол дээр 22 гүүр барьж, есөн усан оргилуур байгуулсан байна. Бүтээн байгуулалт өдгөө ч үргэлжилсээр. Голын урсцыг нэмэгдүүлэх зорилгоор 98 тонн усыг Хан мөрнөөс шахуургаар татдаг гэсэн. Ингэснээр усны хэмжээ нь 120 тонн болж байгаа хэрэг юм. Мөн голын зарим хэсэгт дөрвөн метр өндөртэй хүрхрээ гаргасан нь урсцыг сайжруулах зорилготой юм билээ. Энэхүү бүтээн байгуулалтаар шийдсэн бас нэгэн асуудал бол загасны аюулгүй байдлыг хангах зам гарган, ёроолыг тусгай бетоноор хучсан явдал. Чонгэчон голыг сэргээх ажилд тус улсын Засгийн газраас 38 тэрбум доллар гаргажээ.
Зөв бодлого, зоригтой алхмын үр дүнд сэргээсэн энэх үү голын тухай хойч үеийнхэндээ мэдүүлэхийн тулд 1977 онд босгож, 2005 онд нураасан гүүрэн замын нэгээхэн хэсгийг тэр чигт нь үлдээж, музей байгуулжээ. БНСУ өдгөө хөгжлийн хүрднийхээ хурдыг нэмэгд үүлэхээр шинэ техник технологи бүтээхэд анхаарал хандуулж байна. Ингэхийн тулд иргэдийнхээ оюуны бүтээн байгуулалт, сэтгэлгээний нөөцөд тулгуурлах бодлого баримталж буй. Бидэнд тэднээс суралцах зүйл их байна. Гуулин улс Чонгэчон голоо сэргээсэн шиг бид ч Сэлбэ голынхоо амийг аварч, Туулын дайтай болгож, Туулыг мөн сэргээж мөрөнгийн хэмжээнд хүргэх боломж байгаа тухай солонгосчууд ярьж байна билээ. Хүний хүн бидний төлөө ийнхүү санаа тавьж байхад бид хийж, хэрэгжүүлэх цаг нь болжээ.
Ж.ЭРДЭНЭ