Дэлхийн тэргүүлэх их сургуулиудад инженертехнологийн чиглэлээр суралцах эрх авсан бакалавр зэрэгтэй оюутнуудыг УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2011 онд анх удаа Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцуулахаар болсон. Энэхүү тэтгэлэгт хамрагдах оюутнуудад тавих шалгуурыг тусгасан “Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуулиудад суралцуулах журам”-ыг Засгийн газар өнгөрсөн долдугаар сарын 6-нд 217 дугаар тогтоолоороо баталсан юм. Уг журмаар бол математик, физик, хими, биологи, мэдээлэл зүйн улсын олимпиадад 1-3 дугаар байр эзэлсэн, эсвэл БСШУ-ы сайдын шийдвэрээр эдгээр чиглэлийн олон улсын олимпиадад оролцсон, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын 1-2 дугаар курсийн, 3.5-аас дээш голч дүнтэй суралцаж буй оюутан уг тэтгэлэгт хамрагдах эрхтэй.
Эдгээр болзлыг хангасан оюутан инженер технологийн чиглэлээр сургалтаараа дэлхийн топ 50-д багтсан их сургуулиас урилга авсан байх ёстой юм. Энэ бол маш хатуу шалгуур. Байгалийн шинжлэх ухааны чиглэлээр олж авсан мэд лэг, чадвараараа үе тэнгийн монгол хүүхдүүдээс хол та сар чихсан, гадаад хэлний маш өндөр мэдлэгтэй хүүхэд л энэ шалгуурыг давж, Монгол Улсын Засгийн газраас жилдээ 60 мянган ам.долларын тэтгэлэг авч дэлхийн топ их сургуульд толгой өвдөхгүй суралцана. Даанч энэ өндөр босгыг давсан хүүхэд лав одоогоор алга. Уг тэтгэлэгт хамрагдахаар өнгөрсөн долоо хоногт БСШУЯ-нд 16 оюутан материалаа өгсөн байсан ч дээрх шалгуурыг 100 хувь хангасан хүүхэд ганц ч байхгүй, цөм нэг л болзолд нь бүдэрсэн байлаа.
Манай улсын ерөнхий боловсролын системд нийгмийн шинжлэх ухааны салбар хичээлүүдийг арай илүү заадаг. Байгалийн шинжлэх ухааны хичээлд хүүхдүүд ангиараа тааруу байдаг шүү дээ. Тэр ч утгаараа энэ тэтгэлгийн төлөө өрсөлдөх хүүхэд цөөн. Улсын олимпиадад эхний гурван байрт шалгарна гэдэг чанга даваа. Материалаа БСШУЯнд ирүүлсэн хүүхдүүдийн олонх нь боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр хими, физик, математик, биологи, мэдээлэл зүйн олон улсын олимпиадад оролцсон байх гэсэн шалгуурт бүдэрчээ.
Олон улсын олимпиад гэж юуг хэлэх вэ гэсэн нэгдсэн ойлголт байхгүй. Тиймээс хүүхдүүд Хятад, Испани өөр хаана ч юм, хэн нэгний зохион байгуулсан, хоёр гурван улсын хүүхэд очсон олимпиадад оролцсоноо олон улсын том шалгалтад чансаагаа сорилоо гэж андуурдаг аж. Ийм олимпиадад аль ч улсын сургуулиуд оролцох саналаа өгч, бүртгүүлээд хүүхдээ явуулж болдог. Үүнд оролцсон хүүхэд Монголд бишгүй бий. Тиймээс “БСШУ-ы сайдын шийдвэрээр...” гэсэн тодорхой заалт оруулж өгчээ. Энэ талаар БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газрын ахлах мэргэжилтэн Ч.Шинэбаяр “Улсын олимпиадад 1-12 дугаар байрт шалгарсан хүүхдүүдийг сайтар бэлтгэж байгаад дахин шалгалт сорил авч шигшдэг.
Ингэхэд олимпиадад 12 дугаар байрт орсон хүүхэд тэр сорилд түрүүлэх ч боломжтой. Хэн сайн бэлтгэж, мэдлэг чадвараа ахиулсан нь л шалгарна. Эндээс шигшиж авсан 1-3 хүүхдийг олон улсын олимпиадад БСШУ-ы сайдын шийдвэрээр оролцуулдаг. Тиймээс энэ бол маш том шалгуур. Материалаа өгсөн хүүхдүүд дотор инженер технологийн сургалтаараа дэлхийн топ 50-д багтсан сургуулиас урилга авч чадсан оюутан бий. Гэтэл тэд улсын олимпиадад 1-3 дугаар байр эзлэх юм уу, БСШУ-ы сайдын шийдвэрээр олон улсын олимпиадад оролцоогүй байна. Уг нь тэд олон улсын олимпиадад оролцсон
. Даанч тэр нь жинхэнэ чансаа шалгадаг, манай сайдын шийдвэрээр явуулдаг олимпиад биш. Ингээд олон хүүхэд ганцхан шалгуурт бүдэрчихээд байна” гэж ярив. Массачусетсийн технологийн институт, Карнеги Миллоны их сургууль, Сингапурын үндэсний их сургууль, Висконсины их сургуулийн урилга авсан оюутан байлаа. Эдгээр нь жирийн нэг сургууль биш. Дэлхийн хэдэн мянган их сургуулийн чансааг тогтоож, зэрэглэл тогтоох эрхтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдс өн байгууллагуудын нэг болох Томсон Ройтерсийн үнэлгээгээр инженер, технологийн чиглэлийн дэлхийн шилдэг 50 сургуулийн жагсаалтад оржээ. Ийм сургуулиас урилга авч чадсан монгол хүүхдүүдээрээ бахархаж байна. Тэдэнд Засгийн газар тэтгэлгээ өгөөд “Их зүйл сурч, эх орондоо эргэн ирээд эрдмийн үр тариарай” гээд явуулахын оронд олимпиад гэсэн болзлоороо хөлийг нь тушчихаад байж байна.
Харин шаардлагатай олимпиадад оролцсон, дүнгийн голч, магадлан итгэмжлэгдсэн сургуулийн оюутан гээд бусад шаардлагыг хангасан хүүхдүүд дэлхийн топ 50 сургуулиас урилгаа авч чадаагүй явна. Он дуусахад ганцхан улирал дутуу байна. 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нээс хойш сургуулиуд материал хүлээж авахгүй. Үлдсэн хугацаанд хэдэн оюутан урилга авч амжих бол. Уг нь Засгийн газар 2011 онд дэлхийн топ сургуу лиудад инженер технологийн чиг лэлээр 50 оюутан суралцуулахаар төлөвлөж, энэ оны төсөвт гурван тэрбум төгрөг суулгажээ. Ийм сайхан боломж гарч ирнэ гэж саяхныг хүртэл зүүдлээ ч үгүй явсан оюутнууд энэ өндөр шалгуурт бэлтгээгүй.
Өнгөрсөн хавар БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр 40 гаруй оюутанд албан захидал илгээж, энэ тэтгэлгийн тухай сургийг дуулгажээ. (Засгийн газар журмаа сар гаруйн өмнө баталсан) Дэлхийн топ сургуулиас урил га авахад нь хэрэг болог гэж явуулсан тэр захидал заримд нь тус болсон л байх. Тэгээд урилга аваад ирэхэд нь өөр шалгуураар дэгээдчихдэг нь хачин. Топ 50 сургуульд суралцахын тулд дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн сая хүүхэд материалаа илгээн, өрсөлдөж байгаа. Тэр сургуулиудын дийлэнх нь TOFEL, IBT, SAT-I, SAT-II зэрэг чанга шалгалтад өндөр оноо авсан байхыг шаардана.
Дээрээс нь гадаадын мундаг сургуульд суралцсан шилдэг оюутан, сурагчдын дундаас тухайн сургууль хэдхэнийг нь сонгон урилгаа өгдөг болохоор энэ бол маш өндөр даваа. Тийм байтал Засгийн газар топ 50 сургуулийн урилга шаардаж байгаа нь арай хатууджээ. Ядаж 100 гэсэн бол яах вэ. Топ 50 сургуульд жилд 50 хүүхэд сургана гэсэн Засгийн газрын төлөвлөгөө биелэх болов уу. Лав л энэ жил 50 байтугай таван оюутан ч тэр тэтгэлгийг нь авч чадахгүй янзтай. Цонхны цаана тавьсан тэр амттай чих рийг манай оюутнууд хэдэн жил харж, шүлсээ залгих бол оо.
Х.БОЛОРМАА