УИХ-ын хаврын чуулган олон асуудлыг шийдэж баралгүй үлдээсэн. Улстөрчид дүрээ тодруулж, олон нийтэд “хайр зарлах” цаг эхэлсэн энэ үед Сонгуулийн хуулийг хуудуу багатайхан батлах нь чухал байгаа. Сонгуулийн сураг бүдэг байхад баталбал улс төр, “шургаа” бага байх учиртай. Гэвч АН, МАН-ынхан уг хуулийг тойрсон хэлэлцээг хэдэн сар, жилээр уяж байж холимог хэмээх тогтолцоон дээр арай ядан тохирсон. Үүн дотроо мажоритари, пропорционалийн харьцаа хэд байх тал дээр намаараа гэхээсээ илүү насаараа талцан маргасаар хугацаа алдсан. Ганцхан энэ асуудал дээр гацсаар хаврын чуулган завсарлах хуулийн хугацаа тулсныг уншигчид санаж байгаа биз.
Тэр үед Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д Засгийн газраас өргөн барих тухай сонсогдов. Улс орны хувь заяатай холбоотой эдгээр чухал асуудлыг цаг алдалгүй хэлэлцэхийн тулд ээлжит бус чуулган зарлах хэрэгтэй гэсэн агуулгатай сануулгатайгаар гишүүд тарж одсон билээ. Гэхдээ тэд найр наадмаа хийж, завсар зайгаар нь амарч авсны дараа тэр тухай мартах, санахаа шийдэхээр “үгссэн” бололтой. Сэтгүүлчид асуухаар “Ээлжит бус чуулган хийх хэрэгтэй” гэж бараг л нэгэн дуугаар хариулна.
Улсын, аймгийн, сумын, байгууллагын цуварсан баахан ой, найр, даншиг одоо л өнд өрлөж байна. Гишүүд түрүүчээсээ Тө рийн ордноор үзэгдэж буй ч ирц хангалттай бүрдсэнгүй. Бүрдүүлэх гэж хичээх хүн ч алга. УИХ-ын дарга ч энэ талаар ам ангайсангүй. Яг үнэндээ бараг сарын өмнө түүний МҮОНТ-д өгсөн ярилцлагаас дээрх яриа үлгэр байсныг мэдэж болохоор байв. Гишүүд цуглаж, ажил жигдрэх нөхцөл бүрдээд ч нэмэр байхгүй. Ээлжит бус чуулган хийхгүй нь нэгэнт тодорхой болов. Тэр яриа нэг хэсэгтээ олон нийтийн санааг амраах төдий гал унтраах арга байсан нь ойлгогдож байна. УИХ-ын гишүүд нь ч цуглаагүй, Тамгын газрын ажилтнууд нь ч амарч дуусаагүй байгаа учраас анхнаасаа л ээлжит бус чуулган хийх төлөвлөгөөгүй байжээ.
Хойшлуулж үлдээсэн Сонгуулийн хуулийг аравдугаар сарын 3-нд нээх намрын чуулганаар хэлэлцэх нь. Хэлэлцэх асуудлын жагсаалт дахь “бусад” гэсэн тодорхойгүй хэсэгт “нөөцөлж” үлдээсэн Сонгуулийн хуулийн төсөл мэтийг оруулах аж. Тэгэхээр улс төрийн намуудын нойрыг хагаслаж буй уг хуулийг өөрчлөн батлахад УИХ-д гурван сарын л хугацаа үлдэнэ гэсэн үг. Учир нь уг хуулийг сонгууль болохоос зургаан сарын өмнө л өөрчлөх боломжтой байдаг. Ганцхан харьцаан дээр жил тойрон маргаж болсон юм чинь үлдсэн хугацаанд түүнийгээ шийдэж чадах болов уу. Чуулганы завсарлаганаар Ажлын хэсэг ажилласан гэж дэмий итгэх хэрэггүй.
Ер нь энэ бүхэн зориуд цаг хожиж, сонгуулийн тогтолцоог одоогийнхоор үлдээх төлөвлөгөөтэй холбоотой юм биш үү. Парламентад суудалгүй улс төрийн намууд, олон нийтийн энэ хардлага үнэн эсэхийг удахгүй харах биз. Юутай ч ээлжит бус чуулган зарлах тухай яриа үлгэр болон замхрав.
С.ТУУЛ