Зуун жилийн өмнө монголчууд 200 гаруй жил үргэлжилсэн колоничлолын харанхуй цаг үеийг Үндэсний анхдугаар хувьсгалаараа үлдэн хөөж төрийн тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, улс гэрээ сэргээн байгуулж, дэлхийн улс түмэнтэй хөл нийлүүлэн хөгжих, сэргэх, мандах үйлсийн гараагаа эхлүүлсэн билээ. 1911 оны түүхт үйл явдал нь монголчуудад улс орноо урагшлан хөгжүүлж чадна гэсэн итгэл үнэмшлийг оюун санаанд нь баттай шингээн өгсөн үнэхээр огцом эргэлтийн шинжтэй үндэсний эрх чөлөөний хувьсгал байв. Монголчуудын үндэсний эрх чөлөөний төлөө хөдөлгөөн Манжид эзлэгдсэн цаг үеэс л эхэлсэн бөгөөд тэмцлийн далайц, цар хүрээ XX зууны эхээр өргөжин тэлжээ.
Улиастайн 2000 цэрэг ба хотын ардын бослого, Сэцэн хан аймгийн бэйс Сансрайдоржийн хошууны ардын хөдөлгөөн, 1905-1907, 1910-аад онуудад Их хүрээнд гарсан лам, ардын бослого, Ард Аюушийн хөдөлгөөн зэрэг тэмцэл хөдөлгөөнүүд нь нийлэн нэгдсээр 1911 оны цагаагчин гахай жил гэхэд бүх орныг хамарсан үндэсний эрх чөлөөний хувьсгал болон өрнөжээ. 1911 оны Үндэсний хувьсгал нь нийгмийн хувьсгал биш бөгөөд монголчуудыг Манж Чин улсын эрхшээлээс чөлөөлж, Монгол төрийг дахин сэргээн тогтоосон үндэс ний эрх чөлөөний хувьсгал байв. Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь аливаа хувьсгалын гол асуудал болсон засгийн эрхийн тухай асуудлыг шийдвэрлэж VIII Жибзундамба хутагтыг Монгол Улсын эзэн шашин, төрийг хослон баригч, наран гэрэлт, түмэн наст Богд хаанд өргөмжлөн хааны эрдэнэ, хас тамга, алтан үсэгт өргөмжлөл гардуулж, Монгол Улсын Засгийн газрыг таван яамтайгаар байгуулжээ.
Үүнд: Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам, сайдаар Их Хүрээний да лам Цэрэнчимэдийг, Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яам, сайдаар Түшээт хан аймгийн жанжин, засаг, хошой чин ван Ханддоржийг, Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яам, сайдаар Сэцэн хан аймгийн улсад туслагч гүн, засаг Намсрайг, Сангийн бүгд хэргийг захиран шийтгэгч яам, сайдаар Түшээт хан аймгийн чуулган дарга, засаг, улсын түшээ гүн Чагдаржавыг, Цэргийн хэргийг захиран шийтгэгч яам, сайдаар Сэцэн хан аймгийн хамаарсан жанжин, засаг хошууны бэйс Гомбосүрэн нарыг томилжээ. Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгал гарах шууд шалтгаан нь монголчуудыг хүчээр хятадчилан уусгах “Шинэ засгийн” бодлого гэгчийг явуулсанд оршино. Энэхүү “Шинэ засгийн бодлого” нь Монгол нутагт хятадуудыг үй олноор нь шилжүүлэн суурьшуулах, Монголын хүн амыг хятадчилах, байгалийн баялгийг их гүрнүүдтэй нийлэн цөлмөх, Монголыг Манжийн (Хятадын) засаг захиргааны шууд нэг хэсэг, дотоод муж болгон хувиргах зэрэгт чиглэгдэж байв.
Энэ нь тэртээ тэргүй Манжаас тусгаарлан, нэгэн гэр улсаа сэргээхийн туйлын хүслэн болж байсан Монголын тэргүүний дэвшилт эх оронч үзэлтэй ихэс дээдэс, энгийн олны дургүйцэл, бухимдлыг улам төрүүлж, улс үндсээ чөлөөлөх хувьсгалт тэмцэлд эрслэн босгожээ. Энэхүү хувьсгал нь үндэс шашин юугаа хамгаалах, бүх Монгол овогтныг нэгтгэх зорилгыг агуулж байснаараа Үндэсний эрх чөлөөний хувьсгал хэмээн нэрлэгдэж байна. 1911 оны долдугаар сард Түшээт хан аймгийн жанжин, чин ван Ханддорж, Их шавийн да лам Цэрэнчимэд нар Богд гэгээнд Бат оршил өргөх үеэр Халхын том ноёд, лам нарын нууц хуралдааныг санаачлан хийлгэж, Хаант Орос улсын дэмжлэгтэйгээр улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээх асуудлыг хэлэлцэн зөвшилцжээ. Улмаар чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд, өвөрлөгч түшмэл Хайсан нарыг эл хэргээр Орос улсад итгэмжлэн зарсан байна.
Хаант Оросын Засгийн газар Жибзундамба хутагт, халхын хан нараас Оросын II Николай хаанд илгээсэн бичгийг хүлээн аваад, Монгол Улс одоо үед Чин улсаас бүрэн тусгаарлах бололцоогүй, харин Монголд хийж буй шинэтгэл гэгчийг зогсоох талаар Бээжинд мэдэгдэн, Хятадын талаас хийж болзошгүй аллага хядлагаас монголчуудыг өмг өөлөх болно гэж амлажээ. Мөн Их хүрээнд суугаа Консулынхаа аюулгүй байдлыг хамгаалах нэрийдлээр цэргийн тоогоо нэмэгдүүлэх болсон байна. Хаант Орост зорьсон хэрэг нь санаанд тултал бүтээгүй боловч 1911 оны аравдугаар сард Учаньд бослого гарч, Манж Чин улсыг эсэргүүцсэн хувьсгал дэгдсэнээр монголчуудад цагийн байдал нааштайгаар эргэхэд хүргэжээ.
Энэ нөхцөлд хувьсгалыг удирдан зохион байгуулах Түр Засгийн газар буюу Халхын Хүрээний бүх хэргийг түр Ерөнхийлөн шийтгэх газар 1911 оны арваннэгдүгээр сард Их хүрээнд чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд, жүн ван Гомбосүрэн, Түшээ гүн Чагдаржав, гүн Намсрай, хэвэй бэйс Гомбосүрэн, ван Цэдэнсоном нарын долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, нэлээд ажлыг гардан гүйцэтгэжээ. Үүнд, Их хүрээнээс Манж амбаныг хөөн явуулсан, Хаант Орос улсаас тусламж эрсэн, хятад цэргийн зэвсгийг хураасан, Монгол газар суугаа Дундад улсын харьяат худалдаа, үйлдвэрийн иргэдийн дунд хэвээр хамгаалан суулгахын учир ухуулга бичиг зарлаж, гааль зүйлийг түр хэлтрүүлсэн. Монгол өөртөө дахин тусгай улс болон тогтнох тухай Богд Жибзундамбын зарлиг, тушаал зэргийг дурдаж ухуулж, өвөр зургаан чуулганы Хөх хотын Түмэд хошуу, Хар мөрний Өөлд, Барга, Алшаа хошуу зэрэг газар дор элч зарж бичгийг явуулжээ.
Хувьсгал цус асгаруулахг үйгээр тайван замаар хэдхэн цагийн дотор өрнөжээ. Улмаар монгол цэрэг 1911 оны арванхоёрдугаар сард Улиастайг, дараа оны наймдугаар сард Ховдыг Манжийн дарангуйллаас чөлөөлсөн бө гөөд энэ үед Хөлөнбуйр, Дотоод Монголын Шилийн гол зэрэг газарт Гадаад Монголтой нийлэх хөдөлгөөн улам идэвхжиж байв. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчид нь VIII Богд Жибзундамба хутагт, Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Харчин түшмэл гүн Хайсан, Сайн ноён хан Намнансүрэн нар болон тэдний хамтран зүтгэгч, төрийн зүтгэлтэн Тү шээт хан аймгийн засаг ноён Чагдаржав, Махасамади Далай Сэцэн хан Навааннэрэн, Сэцэн хан аймгийн улсад туслагч гүн засаг Намсрай, Сэцэн хан аймгийн улсад туслагч жүн ван Гомбосүрэн нар, цэргийн баатар зүтгэлтэн Манлай баатар Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав, Шударга баатар Бавуужав, Ялгуун баатар Сумъяа, Зоригт баатар Тогтох зэрэг олон хүнийг дурдаж болно.
Монголын Үндэсний анхдугаар хувьсгалыг өмнөө тавь сан зорилтоо хэрхэн биелүүлсэн болон тухайн үе ийн гадаад нөхцөл хүчин зүйлтэй уялдуулан судлаач, түүхчид хоёр үед хуваан үзэж байна. Энэ нь Нэгдүгээрт: Манж Чин улсын эрхшээлээс гарч, тусгаар тогтнолоо тунхаглан, өөрийн төр, засгаа байгуулан, хэнээс ч хараат бус бие даан хөгжсөн (1911-1913 он), Хоёрдугаарт: ҮЭЧХ-ын бууралтын үе. Монгол овогтноо нэгтгэх гэсэн оролдлого бүтэлгүйтэж, улмаар тусгаар тогтнолоо хязгаарлуулсан үе (1913-1915 он) юм. Үндэсний анхдугаар хувьсгалын үрээр хөрөнгөтний пар ламентаризмын жишгийг харгалзан, 1914 онд Хаанд зөвлөх эрх бүхий улсын Дээд, Доод хурлыг байгуулсан байна. Байнгын цэргийг бий болгож, Хужирбуланд цэргийн сургуулийг байгуулав. Шүүх, эрх зүйн шинэтгэл хийж, 1915-1918 онуудад ”Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг”-ийг батлан гаргажээ.
Иргэний сургуулийн сургалтыг Европ маягаар зохион байгуулж төв, хөдөөд 60 гаруй сургуулийг байгуулж, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх олон шинэт гэлийн ажлыг эхлүүлсэн байна. Тухайлбал улсын төсөв бүрдүүлэх, дотоод, гадаад худалдаанд гааль тогтоох, татварыг цэгцлэх арга хэмжээ авчээ. Энэ хувьсгалын үйл явц хөрш болон бусад их гүрний дээрэнгүй бодлогын улмаас тасалдсан ч XX зуунд Монгол Улс туурга тусгаар байж, тусгаар тогтнол хэмээх үнэт зүйлээ нандигнан эрхэмлэж, уламжлан хадгалах, хамгаалах дэвсгэр суурийг тавьж өгснөөрөө үлэмжийн их ач холбогдолтой юм.
1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгал нь нийгмийн нэг тогтолцоог нөгөөгөөр сольсон нийгмийн хувьсгал биш, үндэсний тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлаа зарлан тунхаглаж, монгол үндэстнийг мөхлийн ирмэгээс татаж гаргасан үндэсний эрх чөлөөний хувьсгал байв. Эл хувьсгалт үйл явц тухайн цагийн олон улсын ээдрээтэй байдлын эрхээр тасалдаж, харин 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалаар дахин сэргэсэн анхдугаар хувьсгал байв.
Б.ПУНСАЛДУЛАМ Доктор, профессор