Гишүүн П.Алтангэрэл, Р.Амаржаргал, Д.Арвин, Н.Батбаяр, С.Баяр, Н.Ганбямба, Я.Батсуурь нарын нэр бүхий 17 гишүүн Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр өргөн барилаа. Монгол Улсад 1998 оноос туршилтын журмаар газрын тос олборлож эхэлсэн байна. 2008 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийт 3,1 сая баррель тос олборлож, экспортолжээ. Монгол Улсад газрын тос олборлох үйл ажиллагааг Засгийн газрын баталсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу явуулдаг байна. Уг гэрээний үндсэн зарчим нь гэрээлэгч компаниуд газрын тосны үйл ажиллагаанд зарцуулах хөрөнг ө оруулалтаа 100 хувь гаргаж, эрсдэлээ бүрэн хариуцдаг. Тос илрүүлж олборлосон бол байгалийн нөхөн сэргээгдэшгүй баялаг ашигласны төлбөрийг Засгийн газарт төлдөг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадаадын хөрөнг ө оруулалттай долоон компани бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж буй аж.Дорнод, Дорноговь аймгийн Тамсаг, Зүүнбаянд газрын тосны хэтийн төлөв бүхий үндсэн нөөц илрүүлж, боловсруулах үйлдвэрийн салбар хөгжих эхлэлээ тавиад буй юм. Энэ талаар болон зарим зүйлийг УИХ-ын гишүүн П.Алтангэрэлээс тодрууллаа.
-Нефть боловсруулах гурван ч үйлдвэр барихаар төлөвлөсөн. Сайншандад эхний үйлдвэрийн шав тавьсан байгаа. Энэ ажлын явцыг та бүхэн хэрхэн үнэлж байна вэ?
-Манай улсын хэрэгцээг хангах хоёр сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийг 2-4 жилийн дотор барьж ашиглалтад оруулахаар тооцоолж байгаа. Үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад нэг жил шаардагддаг. Тиймээс дотоодынхоо хэрэгцээг хангасан жижиг оврын үйлдвэрүүдийг барьж байгуулах ажлыг нэн яаралтай эхлүүлэх шаардлагатай гэж бид үзсэн.
-Жижиг үйлдвэр байгуулах хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас гаргах вэ?
-Жижиг оврын үйлдвэрүүд байгуулахад шаардагдах хөрөнгийг тухайн төслийг хэрэгжүүлж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хариуцна. Мөн тэд эрсдэлээ 100 хувь даах учир манай улсын эдийн засагт болон төсөвт ямар ч дарамт үзүүлэхгүй. Ер нь энэ ажлыг эрчимжүүлэх учиртай. УИХ энэ талаар Засгийн газарт чиглэл өгөхгүй бол болохгүй. Энэ бол Засгийн газрын хэн нэгэн сайдын эрхийн хэрэг биш. Хэнд зөвшөөрөл өгөх, үгүйг сайд шийдэхгүй. Тиймээс УИХ тогтоол гаргаж, үүндээ эхний үйлдвэрийг хэзээ ашиглалтад оруулах талаар хугацаа зааж, үндэсний аж ахуйн нэгжүүдийг хамруулах гэх мэтээр зохицуулах нь чухал.
-Та УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороог даргалдаг. Сүүлийн үед цөмийн хаягдлыг Монголд булах эсэхтэй холбоотой мэдээлэл их гарлаа. Салбарын Байнгын хорооны даргын хувьд та энэ талаар судалсан уу?
-Би холбогдох хүмүүстэй уулзаж, энэ талаар асуусан. Тэд үгүйсгэж байна лээ. Тиймээс ийм асуудал болоогүй гэдэгт итгэлтэй байна. Хэн нэг сайд, дарга очоод үүнийг шийдчихдэггүй. ҮАБЗ, ядаж Байнгын хороогоор хэлэлцэх ёстой. Тиймээс хоосон яриа болов уу. Засгийн газраас Цөмийн энергийн тухай хуулийн төслийг өргөн барьсан байгаа. Намрын чуулганаар энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Цөмийн хог хаягдлыг Монголын газар нутагт булахыг хориглосон заалт оруулна.
-Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар энэ талаар мэдээлэл сонссон. Бас үүнтэй холбогдуулаад Цөмийн энергийн газрын даргыг ажлаас нь чөлөөлж магадгүй гэсэн яриа гарсан. Зарим гишүүн ч ийм хэлэлцээ болсныг үгүйсгэхгүй байна лээ. Албан бус хэлэлцээ болчихсон юм биш үү?
-Засгийн газар ийм зүйл болоогүй гэдгийг холбогдох хүмүүсийг суулгаж байгаад олон нийтэд албан ёсоор мэдээлэх үүрэгтэй шүү дээ. Тэгэхгүй байгаа учраас элдэв хардлага гараад байна.