
БНСУ-ын Хөгжлийн банкны (KDB) ерөнхийлөгч Кан Ман Сү Монголын хэвлэлд анх удаа ярилцлага өглөө.
-БНСУ-ын Хөгжлийн банк Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагын тендерт яагаад оролцох болов?
-Өнгөрсөн оны аравдугаар сард Монголын Засгийн газрын албаны хүмүүс манай улсад айлчилж, Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагын тендерт БНСУ-ын Хөгжлийн банкийг оролцох хүсэлт тавьсан юм л даа. Бид БНСУ-ын санхүүгийн салбарын хөгжлийн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлж, түүгээрээ дамжуулан Монголын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж чадах учраас сонгон шалгаруулалтад оролцохоор шийдсэн. Тиймээс Монгол, БНСУ хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулахын тулд бид чадах бүхнээ хийхэд бэлэн байна.
-Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Монгол Улс алт, зэс, нүүрс, уран гээд баялаг ашигт малтмалынхаа ачаар уул уурхайн салбарт дэлхийд тэргүүлэх асар их боломж бий. Зөвхөн уул уурхайн салбараар тогтохгүй аж үйлдвэрлэл, бөөний болон жижиглэн худалдааны бизнесийн сал барт ч хурдацтай хөгжих боломжтой санагдсан. Миний бодлоор Монголын эдийн засаг жилд наад зах нь 10 хувиар хөгжих нөхцөл бүрдчихээд байна.
Гэхдээ ингэж хөгжихийн тулд юуны өмнө дэд бүтцийн салбарт нэлээд хөрөнгө зарцуулах хэрэгтэй юм болов уу. Хоёрдугаарт, тээврийн дэд бүтцийг яаралтай байгуулах шаардлагатай.
Уул уурхайн бүтээгдэхүүн олборлоод байдаг. Гэтэл түүнийгээ тээвэрлэх автозам, төмөр зам, дүүжин зам хэрэгтэй шүү дээ. Эцэст нь, эрчим хүчний хангамж, харилцаа холбоо, усны хангамжид хөрөнгө оруулалт нэлээд шаардлагатай санагдсан. Хэрвээ Монгол Улсын Хөгжлийн банк энэ мэт дэд бүтэц байгуулахад дэмжиж чадвал эдийн засгийн өсөлтөө хурдасгаж чадна.
-Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагын багт эхний ээлжинд ямар төлөвлөгөө байна. Ямар төслийг санхүүжүүлэх хэрэгтэй гэж та үзэж байна вэ?
-Монгол Улсын эдийн засгийн цар хүрээ, санхүүгийн зах зээлийнх нь хөгжлийн үе шатыг авч үзвэл үндэсний стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд наад зах нь 4-5 жил шаардлагатай юм билээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ болон банкин дахь Монголын талын удирдлагуудтай хамтран эхний ээлжинд удирдлагын системийг бүтэц, зохион байгуулалтыг цэгцлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүний нөөц, байгууллагын менежмент, эрсдэлийн менежмент, зээлийн үнэлгээ, дотоод дүрэм, журам зэргийг нэг мөр болгох юм. Харин удирдлагын бүтэц, зохион байгуулалт цэгцэрсний дараа бид үндэсний стратегийн ач холбогдол бүхий төслүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр ажиллах болно.
-Манай Хөгжлийн банкны удирдлагын багт та бүхэн оролцсоноор бусад улсын хөгжлийн банкаас ямар давуу талтай вэ?
-БНСУ-ын Хөгжлийн банк эх орныхоо түшиц аж үйлдвэрүүдийг дэмжих замаар экспортод чиглэсэн эдийн засгийг хөгжүүлсэн арвин туршлагатай. Монгол, БНСУ-ын эдийн засгийн хөгжлийн түүх төстэй гэж би боддог. Бид энэ туршлагаа хуваалцаж чадах учраас Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагын багт ажиллах нэн тохиромжтой гэж үзэж байгаа. Манай Хөгжлийн банкны толгой компани болох “KDB Financial” групп үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн менежмент гээд олон салбарыг агуулдаг учраас санхүүгийн бүх төрлийн үйлчилгээний төгс туршлагыг Монголд нэвтрүүлэх боломжтой. Түүнээс гадна KDB хөрөнгө оруулалтын 770 гаруй компанитай, зээлийн 4000 орчим байгууллагатай. Иймд бид тэдгээр компанийг Монголд “хөл тавьж”, хөрөнгө оруулахад нь дэмжиж чадна. Түүнчлэн БНСУ-ын Хөгжлийн банк байгалийн баялгийг олборлох, зам, цахилгаан станц байгуулах гээд Монголд яг одоо хэрэгтэй байгаа салбарт үндэсний болон олон улсын төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрийг хэрэгжүүлсэн маш арвин туршлага бий гэж бардам хэлмээр байна.
-Удирдлагын багт нэгдэж ажиллахаас гадна БНСУ-ын Хөгжлийн банк Монголын хөгжлийн банкинд өөр ямар тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой вэ?
-БНСУ-ын Хөгжлийн банк өөрийн компанийн ажилчдадаа зориулж дээд төвшний боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүнийгээ ч Монгол Улсын Хөгжлийн банкны хүний нөөцийг сургахад ашиглахаар зорьж байгаа. Бид Монгол Улсын Хөгжлийн банкны албан хаагчдыг эх орондоо урьж, сургалтад хамруулах гэх мэтээр боловсрол, мэдлэгийг нь дээшлүүлэх боломжтой юм л даа. Гэхдээ Монгол Улсын Хөгжлийн банктай хэлэлцэж, яг ямар аргаар сургах вэ гэдгээ шийднэ. Түүнчлэн БНСУ-ын Хөгжлийн банкны дотооддоо хэрэгжүүлдэг боловсролын хөтөлбөрөөр зогсохгүй бид БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг KOICA-гийн боловсролын сургалтын дэмжлэгийг монголчуудад үзүүлэх бодолтой байгаа.
-Ингэхэд БНСУ-аас ирж ажиллах удирдлагын багийн зардлыг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагааны зардлаас бусад цалин, шагнал урамшуулал, солонгос мэргэжилтнүүдийн амьдрах байрны түрээсийн төлбөр зэргийг Солонгосын тал хариуцах юм.
-Монголын зах зээлд ажиллах нь БНСУ-ын Хөгжлийн банкинд эрсдэлтэй, алдагдалтай биш гэж үү?
-БНСУ-ын Засгийн газар эдийн засгийн хөгжлийнхөө туршлагыг бусадтай хуваалцахаар “Мэдлэг хуваалцах хөтөлбөр”-ийг өргөн цар хүрээнд хэрэгжүүлж байгаа. Хөгжингүй орнуудын дэмжлэгийг хөгжлийн албан ёсны тусламж маягаар хөгжиж буй орнуудад олгох юм л даа. Тийм учраас БНСУ-ын Хөгжлийн банк зардал гаргаж, эрсдэл үүрэхэд бэлэн байна. Энд нэг зүйл онцлоход, эдийн засгийн өсөлтийн үндэс болсон ноу-хау, туршлага, чадвар БНСУ-ын Хөгжлийн банкинд бий. Энэ үнэт туршлагаа хөгжлийн зам нь биднийхтэй төстэй Монгол Улстай хуваалцаж чадвал энэ нь Хөгжлийн банк төдийгүй үндэсний хэмжээний бахархал болох учиртай.
-БНСУ-ын Хөгжлийн банк Монголын Хөгжлийн банкны ирээдүйн дүр зургийг хэрхэн харж буй бол?
-Монгол Улс бол хөгжиж буй орон. Нэг хүнд ногдох ДНБ 2000 ам.доллар орчим. Гэсэн ч байгалийн асар их баялаг, эрх баригч Засгийн газрын чадварлаг удирдлагадаа түшиглэн Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 2020 он гэхэд 10000 ам.доллар давах боломжтой. Гэхдээ ингэж хөгжихөд дөрвөн үндсэн хүчин зүйл нөлөөлнө гэж би үзэж байна. Нэгдүгээрт, уул уурхайн аж үйлдвэрлэлд шаардагдах суурь дэд бүтцийг боловсронгуй болгох, мөн өөрийн эдийн засагт тохирох туршлага, ноу-хауг бүрэн хэмжээнд, эцсийг нь үзтэлээ ашиглах, хүний нөөцийнхөө боловсролыг дээшлүүлж, бүрэн ашиглах, тэгээд эцэст нь тогтвортой хөгжих ёстой. Бид энэ голлох хүчин зүйлүүдийг биелүүлэхийг хичээнэ.
-Солонгосоос ямар мэргэжилтнүүд ирж удирдлагын багт ажиллах вэ?
-Бид гадаад орнуудад болон банкныхаа хилийн чанад дахь салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай хүмүүсээс удирдлагын багийг бүрдүүлж байгаа. БНСУ-ын Хөгжлийн банкны туршлагыг Монгол Улсын Хөгжлийн банкны мэдлэг болгож хувиргахын тулд санхүү, хөрөнгийн менежмент, эрсдэлийн менежмент, мэдээллийн технологийн систем гээд олон салбарын мэргэжилтнүүдийг хамруулна. Түүнчлэн Сангийн яам, Төвбанк зэрэг Засгийн газрын харъяанд ажиллаж байсан туршлагатай байх юм. Тэгэхээр удирдлагын баг өгөгдсөн үүрэг, даалгаврыг амжилттай биелүүлнэ гэдэг итгэж байна.
-Монгол Улстай байгуулсан гэрээний хугацаа дуусах үед Монгол, Солонгосын Хөгжлийн банк хоорондын харилцаа хэрхэх бол? Та бүхэн дэмжлэг үзүүлсээр байх уу?
-Монгол Улс түүх, соёлын хувьд БНСУ-тай маш дотно орон. Монгол орны байгалийн арвин баялаг, Солонгосын технологи, туршлагатай хүний нөөцийг хослуулбал амжилтад хүрнэ гэж би боддог юм. Удирдлагын гэрээний дөрвөн жилийн хугацаа дууссаны дараа бид шаардлагатай тохиолдолд Монгол Улсын Хөгжлийн банкны хүний нөөцийн боловсролыг дээшлүүлэх төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлж, бизнесийн төслүүдэд хамтран ажиллахад үргэлж бэлэн байх болно. Тиймээс ирээдүйд бид Монгол, БНСУ-ын хоорондох харилцааг бэхжүүлэхийн тулд маш их хичээж ажиллана.
-БНСУ-ын пүүс компаниуд Монголд ажиллах, хөрөнгө оруулах боломжийг та хэрхэн үзэж байна вэ?
-БНСУ-ын Хөгжлийн банк дотоодынхоо компаниудыг Монголд бизнес эрхлэхийг нь идэвхтэй дэмжиж байгаа. Бид KEPCO (Korea electric power corporation), KORES (Korea resources corporation), “K Water” (Korea water resources corporation) зэрэг төрийн өмчийн компаниудаас гадна хувийн хэвшлийнхнийг Монголын дэд бүтцийн бүтээн байгуулалтын салбарт монголчуудтай хамтран ажиллаасай гэж хүсэж байгаа.
Б.ЦЭЦЭГСҮРЭН