Баруун Цанхийн цаг урагшлахаа болив. Таг зогсчихоогүй гэдэг нь сургаас хэтэрсэнгүй. Засгийн газар хөрөнгө оруулагчдын зургаан талтай ид хэлэлцэж байх үед гадагш мэдээлэл задлахгүй байх ёс зүйг харилцан сахиж байсан, тэр чигээрээ царцаж орхилоо. Хэлэлцээний дүнд гадаадын зургаан талаас гурван ялагч тодруулан олон улсын консорциумд БНХАУ-ын “Шинхуа Энержи”-г 40, АНУ-ын “Пибоди Энержи”- ийг 24, Монгол-Оросын консорциумыг 36 хувьтайгаар нэгдэх боломж олгосноо зарласан бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл уг тендерийн шалгаруулалтад сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлэн буцааснаас хойш олон нийт Тавантолгойн мэдээллээр тасрав.
ҮАБЗ-аас Баруун Цанхийн хэлэлцээнд ялсан талуудтай дахин уулзаж, зарим ойлгомжгүй зүйлийг тодруулахыг үүрэг болгосноос хойш Засгийн газар Тавантолгойд учраатай гурван талтай дахин нэгэнтээ нүүр тулж ярилцсан байна. Монголтой 36 хувийг тэнцүү хуваан 18-ыг нь эзэмших уг төслийн “хуваарилалт шог” байгааг Оросын тал энэ уулзалтын явцад илэрхийлснээр хэлэлцээ зогсонги байдалд ороод байгаа аж. Хойд их хөршийн “Оросын төмөр зам” нэгтгэл 18 хувиа дангаар эзэмших бус, тендерт оролцохын тулд санхүүгийн хөшүүрэг болгож нэгдсэн Солонгос, Японы компаниудад дахин хуваах болоод байгаа юм. Тэгээд л “Балинчаа аваач ээ” гэдэг шиг Японы “Сүмитомо”, “Иточү”, “Марүбэни” компаниуд, БНСУ-ын “Корес” группээр ахлуулсан 11 компанийг Америкийн талд “шахах” санаатай үзэж байгаа сурагтай. “Пибоди Энержи”-гийн хэлэлцээний явцад баримталж ирсэн уян хатан байр сууриас үзвэл, Япон, Солонгосын компаниудыг өөртөө нэгтгэхийг зөвшөөрч магадгүй боловч энэ тохиолдолд өөрсдийн байлдан дагуулсан 24 хувиа нэмүүлэх хүсэлтээр бас нэгэн гацаа үүсгэж мэдэх юм.
Хэлэлцээ ийнхүү намрын шар наран дор найган ганхах зуур УИХ-ын чуулган нээгдлээ. Баруун Цанхи бол Эрдэнэт, Оюутолгойн дараа монголчуудын танилцаж байгаа гурав дахь саалийн үнээ болох юм. Өмнөхөн нь алдаа ч байсан, оноо ч гарч байгаа. Тавантолгойд илүү чамбай хандах туршлага Засгийн газар, УИХ-д байхгүй гэж одоо хэн хэлэх юм. Гагцхүү Баруун Цанхид хүрз хангинахыг чимээлсээр байтал сонгуулийн жил хаяанд ирсэн нь арай өөр өнцгөөс харахад хүргэж байна. Нэгэнт хугацаа алдан гиюүрцгээснийх, заавал энэ Парламентаар шийдүүлэх гэж мачийсний хэрэг Засгийн газарт гарахгүй ч байж мэднэ. Улстөрчид, улс төрийн намууд Тавантолгойгоороо тоос манартал наадаж, сонгуулийн шоу үзүүлэхэд бэлэн зэхээний сууж байгааг анхаарах хэрэгтэй.
Цаг хугацааны шахаа хийгээд сонгууль дөхсөн ийм эмзэг үед улс төр гэдэг заавал хавар, намар гэлтгүй үргэлж синдромтдог ужид өвчтэйг сонгогчид юу эс андах билээ. Сонгогчдын эрх ашгийг хамгаалагч “баатрын” дүрд тоглохын тулд Баруун Цанхийн тендерийг “үлгэрийн кино” болгон өөрчлөхөө ч юман чинээ санахгүй вий, манай УИХ-ын гишүүд. Дотоодод сонгуулийн өмнөх улст өржилтөөс үүдсэн болгоомжлол байгаагийн сацуу гадаад ертөнцөд ч Мон голын улстөрчдийн ажиллах арга, тогт вортой байдалд итгэл алдрах төлөв боди той болоод байна. Өдгөө Оюутолгой төс лийн эргэн тойронд үүссэн нөхцөл байдал Тавантолгойн ордын Баруун Цанхийн хэлэлцээнд сүүдрээ тусгах эрсдэлтэй цаг үед уул уурхайн мега төсөлд “ээлжит” зангаар хандахаас эрс татгалзах учиртай. Энэ нь хөрөнгө оруулагчдынхаар шийдэг гэсэн хэрэг бус, хожим баталсан гэрээнийхээ хойноос чаргууцалдаж дэлхийгээр нэг шившгээ дахин бүү дэлгээсэй гэсэн санаа болохыг эрхбиш хүлээж авах биз ээ.
Улс эх орны нэн шаардлагатай салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын ирээдүйг эрсдэлд оруулж байгаагаараа УИХ болон энэ байдалтай эвлэрэнгүй, ноомой суугаа Засгийн газар хариуцлага үүрэх улс төрийн соёл үгүйлэгдэж байгааг сануулахад илүүц юм. Тиймээс улиран одож буй УИХ-ын гишүүд Баруун Цанхиас эх орончоор татгалзвал яасан юм бэ? Улстөрчдийн энгэр цээжээ нүдэн жүжиглэх сонгуулийн тоглоом болгож, эдийн засгийн утгыг нь алдаж байснаас, жил хүрэхгүй хугацааны дараа шинээр бүрэлдэх Парламентад Тавантолгойгоо өвлүүлбэл илүү байх шүү.
Б.ЭНХЦЭЦЭГ