УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганаас өмнө УИХ дахь бүлгүүд хуралдаж, Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх байсан ч тэгсэнгүй. Гэтэл чуулганаар уг төслийн эцсийн хэлэлцүүлгийг оруулж ирсэн зарим гишүүн ч будил сан бололтой. Ц.Сэдванчиг “Сонгуулийн хуулийн тогтолцоотой холбоотой тоон дээр зөвшилцөлд хүрсэн гэж ойлгох уу” хэмээн асуусан юм. Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн хууль дээр ажиллахаар байгуулсан Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд “Эцсийн хэлэлцүүлэг хийгээд дуусаж байна гэсэн үг биш. Анхны хэлэлцүүлгээр ярьсан зохион байгуулалтын зарим асуудлаар гарсан зарчмын зөрүүтэй саналуудын эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Бүлгүүдийн хэлэлцээ үргэлжилж байгаа” гэсэн хариулт өгөв.
Н.Ганбямба үүнийг нь “Сонгуулийн хуулийн төслөөр хоёр удаа эцсийн хэлэлцүүлэг хийж буй юм байна. Зохион байгуулалттай холбоо той асуудлыг энэ эцсийн хэлэлц үүлгээр дуусгаж буй бололтой. Дараа нь зарчмын буюу тооны харьцаа зэрэгтэй холбоотой асуудлаар эцсийн хэлэлцүүлэг хийх юм байна” хэмээн тодорхойлсон. Төрийн байгуулалтын байнгын хорооноос зарчмын зөрүүтэй 20 гаруй саналыг танилцуулсныг УИХ-аар шийдсэн юм. Үүнээс өмнө гишүүд асуулт тавилаа. Сонгуулийн хуулийн төсөлд мөнгө, хишиг хувь амлах замаар сонгогчдын саналыг худалдаж авахыг хориглосон заалт оруулсан. Энэ нь зарим гишүүнийг багагүй “түгшээв”. Х.Жекей, Ш.Сайхансамбуу нар “Мөнгө амлаж болохгүй гэж үү” хэмээн байн байн асуусан юм.
Ш.Сайхансамбуу: -Байгалийн баялгаас хувь хишиг хүртэхийг иргэд хүсэж байгаа. Гэтэл мөнгөн амлалт өгөхийг хориглоно гэсэн заалтаар үүнийг хааж байгаа юм уу. Хувиасаа мөнгө гаргаж хөрөнгө оруулалт хийж болох уу?
Н.Энхболд: -Төсвийн тухай хоёр ч хуульд сонгуулиар бэлэн мөнгө тараахыг хориглочихсон байгаа. Намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа Төсвийн тухай хуульд тусгасан тусгай нөхцөлөөс давсан, хуулиас гадуур амлалт өгөхийг Сонгуулийн хуулиар хориглож байгаа юм. Иргэд заавал байгалийн баялгаас бэлэн мөнгө авахыг хүсээгүй байх. Тэд харин ч ингэхийн оронд бүтээн байгуулалтад мөнгөө зарцуулаач, халамжийг оносон хүнд өгөөч гэдэг. Хувийн болон төсвийн мөнгө байх нь хамаагүй, сонгуулийн өмнө иргэдийн саналыг худалдан авах зорилгоор янз бүрийн амлалт өгөхийг хориглосон юм. Хөрөнгөтэй хүн гишүүн болчихоод хувийн мөнгөөрөө хөрөнгө оруулж болох эсэхийг ялгаж тусгаагүй, гэхдээ гишүүд энэ талаар ярих байх. Хүний хөгжил сангийн хуулийн дагуу баялгаас иргэддээ хувь хүртээх ажил, халамжийн бодлого үргэлжилнэ шүү дээ.
Э.Бат-Үүл (Ажлын хэсгийн гишүүн): -Хувийн мөнгөөрөө хө рөнгө оруулсан бол нэр дэвшигчийн жагсаалтаас хасна гэж Ажлын хэсэг дээр ярьсан шүү дээ.
Х.Баделхан: -Баян-Өлгийн зарим баг 100-200 хүнтэй. Ийм газар сонгууль явуулахдаа саналын хуудсыг заавал тусгай машинаар гэхгүй гараар тоолж болох уу. Мөн орон нутгийн болон УИХ-ын сонгуулийг хамт явуулахаар болсон биз дээ?
Н.Энхболд: -Нэг л зарчмаар, машинаар тоолно. Гэхдээ маргаан гарвал дараа нь саналын хуудсыг гараар тоолж шалгах боломжтой. Санал тоолох машинд асуудал үүсэх, элдэв программ суулгаад санал будлиантуулах вий, тиймээс гараар тоолох гэдгийг хамт зааж өгсөн нь дээр хэмээн Н.Ганбямба хэлэв. Мөн орон нутгийн сонгуулийг УИХ-ынхтай хамт хийвэл нийт 16 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөх гэнэ. Орон нутагт нийт 7721 мандат бий. Улмаар хэсгийн хороодод 20 гаруй мянган хүн ажиллана.
Нэг нэр дэвшигчийн ард 40-50 хүнтэй сонгуулийн штаб байгаа гэж тооцвол нэг сая сонгогчийн тал нь “сонгуулийн ажилтан” болох нь. Тиймээс асуудал гарч болзошгүй хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар сануулав. УИХ-ын сонгуулийн хуультай холбоотой асуудлаа шийдчихээд орон нутгийн сонгуульд анхаарлаа хандуулах юм байна. Сонгууль зэрэг явуулахад асуудал үүснэ гэсэн түүний санаа Ажлын хэсгийн гишүүдэд нь таалагдсангүй. “1990 онд зэрэг явуулаад болж л байсан шүү дээ” хэмээн Э.Бат-Үүл хэлэв.
С.ТУУЛ