УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн үдээс хойших хуралдаанаар гишүүн Ц.Сэдванчиг, Д.Энхбат нараас Ерөнхий сайдад тавьсан “Алт” хөтөлбөрийн биелэлтийн талаарх асуулгын хариуг сонслоо. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт тэдний асуултад хариулсан юм. 1992 оноос хэрэгжүүлсэн уг хөтөлбөрөөр алтны жижиг, дунд шороон ордыг нээн олборлож, тус салбарыг хөгжүүлэх замаар эдийн засгаа тэтгэхийг зорьжээ. Мэдээж хөтөлбөр өгөөжөө өгсөн байна. Алтны хайгуул, олборлолт нэмэгдэхийн хэрээр улсын төсвийн орлого нэмэгдэж, орон нутгийн дэд бүтэц, нийгмийн хөгжилд нөлөөлж, мөн гаднын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татжээ. Гэвч алт олборлолтын техник, технологи орчин үеийн шаардлагад тэр бүр нийцээгүй, хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт, хяналт муугаас цөөнгүй сөрөг үр дүн гарсан байна.
Сайд мэдээлэлдээ “Манай улсад нийт 1465 тонн алтны нөөц бүртгэгджээ. Алтны 535 шороон орд, 48 үндсэн орд байгаагаас 2010 оны байдлаар ашиглаж байгаа шороон ордын үлдэгдэл нөөц 20,6 тн, үндсэн ордын үлдэгдэл нөөц 22,6 тн байна. Байгаль, экологийн талаас авч үзээд алтны үндсэн томоохон ордуудаас түлхүү олборлох бодлого барьж байна. Цаашид Оюутолгой, Гацуурт зэрэг орд ашиглалтад орсноор цэвэршүүлэх алтны хэмжээ жилд дунджаар 16-18 тонноор нэмэгдэх боломж бүрдэх юм. 2006-2010 онд алтыг хууль бусаар хил нэвтрүүлэх гэсэн 28 үйлдлийг гаалийн байгууллага илрүүлж, 95,8 кг алт хураан авч холбогдох байгууллагад шилжүүлсэн байна” гэв. “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өмнөх таван жилд манай улс дунджаар 720-800 кг алт олборлож байжээ. Тэгвэл уг хөтөлбөрийг хэрэгжүүлсний дүнд олборлолтын хэмжээ эрс нэмэгдэж, 1996 онд 1991 оныхоос 7,5 дахин өссөн аж. 1991 онд зургаан аж ахуйн нэгж алт олборлон Монголбанкинд 806 кг алт тушааж байсан бол 2005 онд 131 аж ахуйн нэгж 15232,9 кг алт тушаасан байна.
Гэвч 2006 оноос Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг мөрдсөнөөр алт олборлогч аж ахуйн нэгжүүдээс Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурч, 2005 онд 15,2 тн алт тушааж байсан бол 2010 онд 2,1 тн болжээ. “68 хувийн” хэмээн нэрлэдэг уг татварыг энэ оны нэгдүгээр сараас цуцалж нөөц ашигласны төлбөрөөр орлуулсан билээ. Уг хөтөлбөртэй холбоотой үүссэн сөрөг үр дагаврыг зогсоохын тулд “урт нэртэй” хуулийг баталсныг Б.Бат-Эрдэнэ гишүүн сануулаад “Энэ хууль туйлын муу хэрэгжиж байгаа. Сайд хууль хэрэгжиж байна гэж буй ч шороон ордын асуудал өнөөдөр хамгийн хүндрэлтэй байна. Шороон ордын үйл ажиллагааг зогсоосон гэдэг ч үнэндээ улам нэмэгдсэн. Ам, ажил хоёр зөрүүтэй байж болохгүй” гэлээ. З.Энхболд “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр алдагдалд оров уу, ашигтай байв уу. Төсөвт оруулдаг мөнгөтэйгээ харьцуулбал гамшиг болоод байна. Ялануяа шороон орд байгаль орчинд маш их хорлонтой үйл ажиллагаа явуулдаг. “Урт нэртэй” хууль бүдүүлэг аргаар алт олборлож болохгүй, шороон ордуудыг хаа гэсэн агуулгатай. Байгаль орчинд учруулсан хохирлыг тооцвол төсөвт оруулсан мөнгө алдагдалтай гарна.
Сүүлийн таван жилд 70 орчим тэрбум төгрөг төсөвт орсон. Хүнд даацын техник явуулснаар зам эвдэж маш их хохирол учирч байна” гэлээ. Лицензийн асуудлыг ч гишүүд сөхлөө. Шинээр олгохыг хориглосон ч худалдан, худалдан авах ажиллагаа хэвээр, хятадууд манай баялгийн салбарт их орж байгаа гэдгийг Н.Ганбямба онцоллоо. Д.Зоригт сайд тэдэнд “2009 онд кадастрын зураг гаргаж лицензтэй холбоотой үйл ажиллагааг зогсоосон. Уул уурхайн салбарын хууль эрх зүй, ашиглалтыг сайжруулахад анхаарах хэрэгтэй байна. Монгол Улсын газар нутгийн зөвхөн 0,3 хувьд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа. 2007 онд баталсан хуулиар уул уурхай, ашигт малтмалын салбарт тавих хяналт сайжирсан. Нинжануудын үйл ажиллагааны талаар бүх суманд сургалт явуулсан. “Алт” хөтөлбөрийг 1991 онд баталж, 2001 онд хэрэгжүүлж дууссан” гэсэн хариулт өгсөн.