
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг дөрөвдүгээр сарын байдлаар гаргаснаа Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцуулав. Дотоодын нийт бүтээгдэхүүн 2015 оны зэрэгцүүлэх үнээр 5.2 их наяд төгрөг болж, өмнөх жилийн мөн үеийнхээс 208.1 (3.8) тэрбум төгрөгөөр буурчээ. Уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) энэ оны эхний улиралд 561.9 тэрбум төгрөг болж, өмнөх жилийнхээс 331.3 (37.1 хувь) тэрбум төгрөгөөр багассан аж. Нүүрсний олборлолт 59, газрын тосных 97.6, зэсийн баяжмалын үйлдвэрлэл 20.6 хувиар буурсан нь үүнд голлон нөлөөлсөн гэнэ.
Бараа, үйлчилгээний экспорт (2015 оны зэрэгцүүлэх үнээр) эхний улиралд 2.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 801.7 (25.7 хувь) тэрбум төгрөгөөр багассан дүн юм. Харин бараа, үйлчилгээний импорт 4.3 их наяд төгрөгт хүрсэн нь 98.1 (2.3) тэрбумаар нэмэгдсэн үзүүлэлт аж.
Өнгөрсөн сарын эцэст мөнгөний нийлүүлэлт урьдчилсан гүйцэтгэлээр 27.4 их наяд төгрөгт хүрчээ. Жилийн өмнө эл дүн 27 их наяд байсан бол ийн дээшилсэн байна. Уг хугацаанд нийт олгосон зээлийн өрийн үлдэгдэл 22.8 их наяд төгрөг болжээ. Үүнээс 996.6 тэрбум нь хугацаа хэтэрсэн зээл бөгөөд өмнөх сарынхаасаа 27.3 (2.8 хувь) тэрбумаар нэмэгдсэн гэсэн үг. Тэгвэл чанаргүй зээлийн дүн 2.1 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаасаа 11.2 (0.5 хувь), 2021 оны мөн үеийнхээс 141.8 (7.1) тэрбумаар дээшилсэн дүн юм. Өөрөөр хэлбэл, чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.4 хувийг эзлэв.
Төгрөгийн хадгаламж дөрөвдүгээр сарын эцэст 13.7 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаасаа 7.9 тэрбум төгрөгөөр өсөж, 2021 оны мөн үеийнхээс 1.3 их наядаар багассан дүн аж. Ийм хадгаламжийн 89.2 хувь нь иргэдийнх, 10.8 нь аж ахуйн нэгжүүдийнх гэнэ. Харин валютын хадгаламж 4.4 их наяд төгрөг болсон нь өмнөх сарынхаасаа 81.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, өмнөх жилийн мөн үеийнхээс 208.2 тэрбумаар доошилсон үзүүлэлт байв. Татварын нийт орлого дөрөвдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болсон нь 2021 оныхоос 191.8 (13.9 хувь) тэрбумаар буурсан дүн. Үүнд орлогын албан татварын орлого 484.1 (58.7 хувь) тэрбумаар доошилсон нь голлон нөлөөлжээ. Харин нэмэгдсэн өртгийн албан татвар 107.4, нийгмийн даатгалын орлого 66.6, бусад татварынх 63.6, онцгой албан татварынх 10.4 тэрбумаар өсжээ.