Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэг, Гурвантэс сумын иргэдийн шүтээн гэгддэг Хүрэн ханын нуруунд уул уурхайн олборлолт хууль бусаар явуулж байгааг эсэргүүцсэн иргэд өчигдөр мэдээлэл өглөө. Тэд байгалийн өвөрмөц тогтоцтой тус газрыг уул уурхайн халдлагаас хамгаалахын тулд Ерөнхий сайд болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагуудтай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Иргэдийн төлөөлөл “Хүрэн ханын нурууг ухахаар зөвшөөрөл авсан уул уурхайн гурван компани өдгөө үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болоод байна. Гурвантэс сумын нийт оршин суугчдын эрх ашиг хөндөгдөж байхад зөвхөн Баясах багийн 100 орчим хүний саналаар дэмжсэн гэх дүгнэлт гарган, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хэлэлцүүлсэн. Үүнийг бид эсэргүүцэж байна” гэлээ. Мөн “Гадаадын харьяат ажилчдыг квотгүй болгосноор мах, ногоо, уул уурхай зэрэг бизнесийн бүх салбар гадаадын нөлөөнд автаж, говь нутаг минь улам бүр цөлжиж буй. Бид Хүрэн ханын нуруунд ямар ч уул уурхайн олборлолт хийхийг зөвшөөрөхгүй. Тэр байтугай одоо үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудыг ч зогсоох шаардлагатай. Эдгээр компани усны зөвшөөрлөө ч аваагүй хэрнээ үйл ажиллагаагаа эхлүүлж байна” гэсэн юм.
У.Сүрэн