Усны газраас Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн бүсэд байрлах газрын доорх усны нөөцийн горимын мониторингийн 61 цооногт автомат тоноглол суурилуулж эхэлснээ мэдээллээ. Энэхүү цооног нь газрын доорх усны түвшин, даралт, чанар, урсцын өөрчлөлтийг урт хугацаанд тогтмол ажиглаж, хэмжилт хийх зориулалттай тусгай цэг юм. Өөрөөр хэлбэл, ус ашиглах зориулалттай биш, нөөцийн төлөв байдалд хяналт-шинжилгээ хийдгээрээ онцлогтой.
Тэгвэл судалгааны энэхүү 61 цооногт зориулалтын тоноглол суурилуулснаар газрын доорх усны түвшин, температур, цахилгаан дамжуулах чанар зэрэг үзүүлэлтийг автоматаар хэмжиж, мэдээлэл тогтмол цуглуулах боломж бүрдэж буй аж. Мөн усны нөөцийг бодит хугацаанд хянах, хамгаалах, ус ашиглалтын нөлөөллийг үнэлэх, зохистой хэрэглэх бодлого, төлөвлөлт боловсруулах, цаашлаад Улаанбаатар хотын ус хангамжийн аюулгүй байдлыг хангахад эл арга хэмжээ чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан хэлсэн.
О.Оргилох