Улаанбаатар хотын соёл, иргэдийн амьдралын хэмнэл өөрчлөгдөхийн хэрээр дөрвөн хөлт найзууд маань зүгээр нэг гэр сахигч бус, бидний хамгийн үнэнч нөхөр, хайртай гишүүн болжээ. Үүнийг дагаад амьтдын гоо сайхан, эрүүл ахуйн мэргэжлийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ нэмэгдэж, нийслэлд олон улсын жишигт нийцсэн төрөлжсөн салонууд үүд хаалгаа нээсээр байна. Эдгээр нь нохой, муур, тэр байтугай жижиг мэрэгч амьтдыг хүртэл найрсгаар хүлээн авч, үсийг нь засаж, будах, усанд оруулах зэрэг цогц үйлчилгээг нэг дороос үзүүлэх болов. Түүнчлэн зориулалтын орчинд амрааж тоглуулахын зэрэгцээ тусгайлан бэлтгэсэн хоол, хүнсээр үйлчилж, ая тухыг нь бүрэн хангадаг болсон нь үйлчилгээний салбарт шинэ стандарт тогтоогоод байна.
Тэдгээрийн нэг болох “Хөвсгөр” амьтны салон нь Хүнсний I дэлгүүрийн автобусны буудлын чанх ард байрлах бөгөөд хэдийн амьтанд хайртай эздийн зорин очих дуртай газруудын нэг болжээ. Үйлчлүүлэгчдээ стрессгүй, таатай орчинд байлгахыг нэн тэргүүнд тавьдаг тус байгууллага интерьер дизайн, өнгө төрхдөө онцгойлон анхаарсан нь хаалгаар орох төдийд л мэдрэгдэнэ. Энд үс засах, өнгөөр будах, хумс арчилгаа зэрэг гоо сайхны нарийн үйлчилгээнээс гадна чих цэвэрлэх, шүд угаах гэхмэтэрүүл ахуйн тусламжийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэхаж. Үйлчилгээний явцад амьтдыг тухтай амрааж тоглуулангаа зориулалтын амттанаар дайлдаг нь тэдний давуу тал.
Амьтны гоо сайхны салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг цогцлоож буй дараагийн газар бол “Pet grooming” төв. Тэд амьтан бүрийн зан араншин, үүлдрийн онцлогт тохирсон тусгай бүтээгдэхүүн хэрэглэдэг бөгөөд олон улсын сертификаттай мэргэжилтнүүд нь амьтныг гэмтээхгүйгээр, хамгийн тухтай байдлаар үйлчилдэг гэнэ. Тэр дундаа үзэсгэлэн, тэмцээнд оролцдог “загварлаг” найзуудад зориулсан “show grooming” үйлчилгээгээрээ салбартаа тэргүүлсэн юм.
Сүхбаатар дүүргийн III хороонд байрлах “Friendly рets” салон нь олон жилийн туршлагатай мэргэжлийн багтай. Тэд амьтны үсний бүтэц, үүлдрийн онцлогт тохирсон засалтуудыг санал болгодог бөгөөд олон улсын стандарт хангасан, арьс, үсэнд хор нөлөөгүй бүтээгдэхүүн хэрэглэдгээрээ онцлогтой.
Үнийн хувьд жижиг үүлдрийн нохой, муурын цогц арчилгаа дунджаар 45-70 мянган төгрөг байдаг бол том биетэй найзуудын үйлчилгээ 100 мянган төгрөгөөс эхэлдэг. Дээрх газрууд нь зөвхөн үйлчилгээ үзүүлээд зогсохгүй амьтны тэжээл, гоёлын хэрэгслүүдийг борлуулдаг тул эзэд нэг дороос хэрэгцээт бүх зүйлээ базаах боломжтой. Ийнхүү амьтны салон нь зөвхөн тансаг хэрэглээ бус, тэднийг зөв арчлах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хотын шинэ соёл болон хүч түрэн орж иржээ.
У.Цэцэг