
Шүүх Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр, тогтоол, магадлалаа гаргадгийг хууль, шүүхийн байгууллага гадарладаг хүн бүр мэднэ. Гэвч Монгол Улсын нэрийн өмнөөс гаргасан иргэний хэргийн шүүхийн шийдвэр тэр бүр хэрэгждэггүй нь гачлантай. Гэр бүлээ цуцлуулсан аавуудаас хүүхдийн тэтгэмж авах гэж ээжүүд нь шүүхээс гүйцэтгэх хуудас бичүүлээд ч үр дүнд хүрдэггүй нь олон. Түүнтэй адилаар нураах шийдвэр шүүх гаргаж, албадан гүйцэтгэх хуудас бичүүлээд ч амжилт олоогүй, өдгөө хүн ажиллаж, амьдардаг болсон тохиолдол нэг бус. Хан-Уул дүүргийн нутаг, Богд хааны ордон музейн хойд талын орон сууцын нарыг хааж барилга барьсан учраас нураах шийдвэрийг шүүх нэлээд олон жилийн өмнө гаргаж байсан. Оршин суугчид нь эрчимтэй тэмцэн шүүхээс гүйцэтгэх хуудас ч бичсэн ч буулгалгүй байсаар олон жил өнгөрсөн билээ. Цонх нь барилгын ард орсон айлууд өнөөдөр ус балгасан мэт дуугүй болсоор өнөөх нураах ёстой барилгыг хэдхэн сарын өмнө ашиглалтад оруулчихав.
1-2 жилийн өмнө л гуравдугаар давхарт нь гэр барьсан балгас байсан тухайн барилгын эзэд шүүхийн шийдвэрийг яагаад биелүүлээгүй, өдгөө улсын комисс хүлээн авах болчихоод байгаагийн цаана юу нуугдаж буйг бид таашгүй.
БУСДЫН ГАЗРЫГ БУЛААСАН ГЭХ КОМПАНИЙНХНЫГ ОРОЛЦУУЛАЛГҮЙ ШҮҮХ ШИЙДВЭРЭЭ ГАРГАЖЭЭ
Дээрхтэй яг адил нураах ёстой барилга улам өргөжин тэлж, түрээслэгчдийн тоо нь ч нэмэгдэж байгаа нь хачирхалтай. Баянгол дүүргийн III хорооны нутаг, ЦЕГ-ын Автобааз, цагдаагийн алба хаагчдын орон сууцын дэргэд “Уран ган” хэмээх барилга бий. Уг нь тухайн газрын 500 ам метр талбайг иргэн Д.Хүрэлчулуун эзэмшиж байж. Тэрбээр эл газраа нийслэлийн Засаг даргын 2010 оны долдугаар сарын 477 дугаар захирамжийн дагуу орон сууц барих зориулалтаар таван жилийн хугацаатай авч, Газрын албатай холбогдох хууль журмын дагуу гэрээ байгуулжээ. Улмаар барилгын зураг төслөө хийлгээд явж байхад нь Б.Лхагвасүрэн захиралтай “Уран ган” болон “Ерөө импэкс”, “Далан даваа” ХХК-ийнхан тухайн иргэний газар дээр барилга барьж эхэлсэн гэнэ. Уг нь “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнд хандан иргэн Д.Хүрэлчулуун барилгын ажлаа зогсоохыг шаардсан ч үл ойшоон карказ цутгасан аж. Тиймээс энэ иргэн тухайн үеийн нэршлээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхэд 2013 онд нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэлийн дагуу тус шүүх 2014 оны хоёрдугаар сарын 6-нд шүүх хурлыг хийхэд “Уран ган” компанийн төлөөлөл шүүхийг үл хүндэтгэснийх үү, хойшлуулах хүсэлт гаргаад оролцоогүй байна. Тиймээс тус компанийн төлөөллийг байлцуулалгүйгээр шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Д.Хүрэлчулууны нэхэмжлэлийг бүхэлд нь хангав. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын захирамж, Газрын албанаас олгосон газар эзэмших гэрчилгээ, кадастрын зураг зэрэг нь Д.Хүрэлчулууны нэр дээр байгаа учраас түүний эзэмшлийн 500 ам метр талбайг чөлөөлөх шийдвэр шүүх гаргажээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, “Уран ган”-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шүүхэд хандан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулсан ч Улсын дээд шүүхийнхэн уг хэргийг хэлэлцээд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн юм. Ингээд 2014 оын арваннэгдүгээр сард шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж шүүгч баталжээ. Түүндээ “Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байх тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн аж. “Уран ган”-ы хашаанд, бусдын эзэмшлийн талбайд баригдсан зургаан давхар барилгыг “Далан даваа” гэх компани бариулсан бөгөөд 2018 онд тус компанийг татан буулгажээ. Ийнхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байхад бусдын эзэмшлийн газарт барьсан барилга “Уран ган”-ы хашаан дотор сүндэрлэчихэв. Уг объектыг 2013 онд зөвшөөрөлгүй барилгын тоонд оруулсан бөгөөд нийслэлийн удирдлагын шуурхай зөвлөгөөнөөр ч хэлэлцэж байсан юм. Зөвшөөрөлгүй барилгыг албадан буулгаж чадахгүй бариулж, ашиглалтад оруулсныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхны буруутай үйл ажиллагаатай холбон тайлбарлах хүн олон. Уг нь Барилгын тухай хуульд “барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх” заалт бий. Гэтэл “Уран ган”-ы хашаанд ч, Богд хааны ордон музейн хойно ч шүүхийн шийдвэрээр буулгах ёстой барилгыг ашиглалтад оруулчихаад байна. Монголд шүүхийн шийдвэр хэрэгжихгүй юм бол хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэж тунхаглаад хэрэг байна гэж үү.
“Уран ган” ХХК-ийн хашаанд ямар ч зөвшөөрөлгүй барилга барьдаг, барьж дууссаных нь дараа холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авдаг тухай зарим цахим мэдээллийн хэрэгсэлд бичсэн байсан. Түүнд “Барьж байгаа барилгын зоорийн болон нэгдүгээр давхарт ямар нэг үйл ажиллагаа явуулахыг хорилодог дүрэм, журам бий атал “Уран ган”-ы захирал Б.Лхагвасүрэнд хууль үйлчилдэггүй бололтой” хэмээсэн. Үнэхээр тухайн нийтлэлд бичсэнчлэн “Уран ган”-ы удирдлагад хууль үйлчилдэггүй гэх мэдээлэл үнэний ортой ч байж болзошгүй. Тэрбээр түрээслэгчээ дарамталсан, нэг иргэний газрыг залилж авсан гэх зэрэг цөөнгүй гомдлыг хууль сахиулах байгууллагад шалгаж, заримд нь яллагдагчаар татсан байдаг.
Бэлтгэсэн: Г.Равжаа