МҮАН-ын дарга М.Энхсайхантай ярилцлаа. Саяхан олны сонорт хүргэсэн “Өргүй Монгол” илтгэлийнх нь талаар ч
сонирхлоо.
-МАХН-ынхантай танайхан уулзаж, дараагийн сонгуулиар эвсэл болж, ялалт байгуулах тухайгаа ярилцсан бололтой. Ялалтын хундага өргөх боломж хэр байна вэ?
-МҮАН-ын удирдлага МАХНынхантай ажил хэргийн тогтмол харилцаатай байгаа. Энэ ертөнцөд, Монгол эх оронд минь тулгамдаж байгаа асуудлын талаар аль болох өргөн хүрээнд хэлэлцэж үзэл бодлоо нэгтгэхийг зорьж байна. Харамсалтай нь хураагдсан, хуримтлагдсан асуудал дэндүү их байгаа учир тэр болгоныг ярьж амждаггүй. Үзэл бодлоо нэгтгэсэн асуудлаар хоёр намын Зөвлөлдөх уулзалт хийж байхаар саяхан тохирсон. Эхний уулзалтаар Оюутолгой, Тавантолгойн асуудлаар, сонгуулийн амлалт болон “Өргүй Монгол” сэдвээр анхны зөвлөлдөх уулзалтыг амжилттай хийлээ. Санал бодлоо нэгтгэж байгаа хэрэг л дээ. Ирэх жилийн сонгуульд ялах, эвсэл байгуулах анхны жижиг боловч чухал алхмаа хийлээ гэж ойлгож байгаа. Эвсэл биежээгүй, зохион байгуулагдаагүй. Харин эвсвэл юу хийх вэ гэдэг дээр идэвхтэй саналаа солилцож байна. Ирэх жилийн сонгууль Монгол монголоороо үлдэх, эс үлдэхийг шийдвэрлэнэ хэмээн бодож байгаа тул хэлбэрийг бид урьтал болгохгүй, юу хийх вэ гэдэг дээр зөвхөн хоёр намын хооронд биш, улс төрийн бусад нам, иргэний хөдөлгөөний нэгдлийг хэрхэн бий болгох вэ гэдэг дээр ч анхаарч байна.
-“МАХН, МҮАН” эвсэл байгуулж, танаар удир дуулах болсон гэж үнэн үү?
-Үгүй дээ, эвсэл зохион байгуулагдаагүй. Энэ тухай яриагүй байна. Хоёр талаас хүслээ л хэлсэн. Ер нь эвсэлдэхгүйгээр Монгол хожихгүй. Эвсэлдэхийн утга нь оюун ухаан, өөр өөртөө байгаа бололцоогоо нэгтгэх явдал юм. Удахгүй ярилцах байх аа.
-МАХН, МҮАН гэдэг нэрийг брэнд гэж ярьцгаах болсон. Амжилт олох нэг шалтгаан нь энэ мөн үү. М.Энхсайхан, Н.Энхбаяр хоёроос гэхээсээ энэ нэрэнд сонгогчид төөрөлдөх вий гэсэн болгоомжлол МАН, АН-ын дотор байгаа нь анзаарагдаж буй.
-Брэнд нэр гэдэгтэй санал нэг байна. Яагаад брэнд нэрнээсээ динозавр намууд татгалзсан бэ гэдгийг тэднээс асуух хэрэгтэй. МАХН гэдэг нэрийн ард Монгол Улсын ХХ зууны түүх бий. МАХН гэдэг нэр Монголын тусгаар тогтнолтой салшгүй холбоотой. МҮАН бас муугүй брэнд нэр. Түүний ард цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын нандин эрмэлзэл байсан. Харамсалтай нь намууд үнэлэмжээ гээж, өнгө мөнгөнд татагдсан нь динозавр намууд брэнд нэрээ хогон дээр амархан хаяхад хүргэсэн байх. Хэрвээ Ардын нам, Ардчилсан нам монгол үндэстнийхээ эрх ашгийг бүрэн ухаардаг улс төрийн нам болчихвол би хувьдаа тэр брэнд нэрийг нь буцаагаад өгөхөд бэлэн байна.
-МҮАН, МАХН нэрээс болж УДШ-ийг улстөржсөн шийдвэр гаргасан гэж үзэх хүн олон байна. Намууд ч олноор мэндэлж байна. Тэр болгон нь нэрээ авч чадахгүй байгаа. Та хоёрын хувьд “нүд ирмэхийн” зуур шахуу авчихлаа?
-МАХН-ын хувьд нэлээд зовж байж нэрээ авах шиг болсон. Манай хувьд бэрхшээл гараагүй. Гарах ч учиргүй байсан. Хууль номоороо явсан үйлдлээс УДШ юу гэж цааргалах юм бэ.
-ИЗ-НН-ын бүртгэл удааширч байгааг ч та хоёртой холбож байгаа шүү дээ. Ногоон нам дангаараа байх нь Энхбаяр, Энхсайханд ашигтай. Брэнд нэрийг сонгогчдын нүдэнд өртүүлэхийн тулд “НН-МАХН-МҮАН” гэсэн эвсэл байгуулах гээд ИЗ-НН-ын бүртгэлийг удаашруулж байна гэцгээж байгаа.
-Бүртгэх, эс бүртгэх асуудал УДШ-ийн эдлэх онцгой эрх. Түүнд хэн ч нөлөөлөх бололцоогүй. Үндсэн хуулийн бие даасан эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа байгууллагыг доромжлох хэрэггүй л гэж бодож байна.
-Саяхан Та “Өргүй Монгол” илтгэл тавьсан нь сонирхол татсан. 2008 онд МАН, АН-ын өгөх амлалтын мөнгөөр өрөө төлөх гэж л малчид, цалин авдаг иргэд, тэтгэврийнхэн санал өгсөн гэж Та үздэг бололтой.
-Өнөөдөр Монголын нийт мал сүргийн 10-аас доошгүй сая толгой нь зээлийн барьцаанд байна. Малаа зээлийн барьцаанаас гаргаж сэтгэл амар амьдрах хүсэл нь МАНАН-гийн 2.5 сая төгрөгийн амлалтад саналаа өгөх үндэс болсон. 2.5 сая төгрөгт биш, өргүй амьдрах амлалтанд саналаа өгөөд үзэхээс өөр аргагүй байдалд оруулсан байх. Цалингийн зээлд 150 мянган иргэн хамрагдаж, дунджаар нэг хүн 400-500 мянган төгрөгний зээлд сарын 2.0-4.0 хувийн хүү төлж байна. Сарын 2-4 хувь шүү. Монголын эдийн засаг сард 2.0-4.0 хувиар өсөж байгаа гэж үү. Үгүй шүү дээ. Тэтгэврийн зээл 100 тэрбум төгрөг хол давжээ. Тэтгэврийн зээлд 165 мянган хөгшид хамрагдаж дунджаар 100-300 мянган төгрөгний зээлд сарын 1.3-2.2 хувийн хүү төлж байна. Дунджаар жилийн 20 хувь гэсэн үг.
Монголын эдийн засаг жилд 20 хувь өсөөгүй гэдэг нь ойлгомжтой. Та телевиз, сонин, сэтгүүл, утасны мессежээр хөргөгч,угаалгын машин, элдэв электрон барааг зээлээр авах боломжийн тухай тасралтгүй зар сурталчилгаа харж байгаа. Энэ урхинд 130 мянган хүн оржээ. Авсан зээлдээ сарын дөрвөн хувийн хүү дунджаар төлж байна. Юу хэлэх гээд байна вэ гэхээр манай эдийн засгийн өсөлт, төр, засгийн нийгмийн халамжийн бодлогоор өгч байгаа бүх мөнгийг зээл олгогчид “залгиж” байна. Банк, банк бус санхүүгийн байгууллага нь ерөнхийдөө гадаад эзэдтэй болсныг харвал бид мөнгө хүүлэх тогтолцооны золиос болж Монгол орон гаднын колони орон болж байгааг анхааруулах гэсэн юм.
-Монголд өргүй хүн байна уу?
-Хураангуйлбал манай насанд хүрсэн хүн амын бараг 80 хувь нь санхүүгийн өрөнд унасан. Эрчимтэй өссөн өр зээл амьдрал дээрдэж байгаа мэт “хуурамч сэтгэгдэл” төрүүлдэг. Мөнгөтэй л бол бүх юм байна гэдэг сэтгэгдэл бол хөгжиж байна гэсэн үзүүлэлт огтхон ч биш. Ил байсан хүндрэл далд байдалд шилжиж, өрийн дарамт, сэтгэлийн шарх болж байгааг ухаарах хэрэгтэй байна. Монгол хүн өртэй, том жижиг үйлдвэрлэгчид банкинд өртэй, банкууд гадаад эздэд өртэй, Монгол Улс бүхэлдээ олон улсын мафид өртэй. Энэ бол тусгаар тогтнол алсарч байгаагийн шинж. Та бид харж байгаа. Грек өрөө даахаа болиод тусгаар улсынхаа эрхээс татгалзахдаа тулчихаад байна. Монголчууд үүнийг хүсээд байна гэж үү.
-Сүүлийн үед цалин, тэтгэврийн өрнөөс гадна төрөөс үзүүл дэг халамжийн мөнгийг барьцаалж өр тавьдаг болсон юм билээ.
-Төр зохицуулах үүргээ гүйцэтгэхгүй байгаагаас иргэдийг нь “зангиатай дээрэмчид” ирж дарлаад байгааг олж харахгүй байна. Халамжийн мөнгөөр барьцаална гэдэг бол дээд зэргийн ёс суртахуунг үй хэрэг. Мал, цалин, тэтгэвэр, халамжийн мөнгөөр барьцаалсан бүх зээлийг хү чингүй болгох хэрэгтэй. Тэр ч байтугай орон сууцны зээлийг хүүгүй болгох хэрэгтэй байна.
-Өртэй хүн өөдөлдөггүй гэж монголчууд ярьдаг байснаа одоо өртэй хүн баян. Өртэй бол хүн илүү их шаргуу ажилладаг гэсэн бараг философи шахуу ойлголт бий болчихсон шүү дээ?
-Жижиг зээл авсан хүмүүс л ихэнхдээ зээлээ төлөх гэж чармайдаг. Том зээл авсан нь банкийг эрг үүлж хахуульдаад луу унждаг. Өөрөөр хэлбэл томчуудын зээлийг ард түмэн төлж байна гэсэн үг. Шударга явдал мөн үү. Өртэй хүн өөдлөхгүй гэдэг нь ард түмний соёл. Өртэй хүн баян гэдэг нь олигархийн соёл. Хольж хутгах хэрэггүй.
-Хүүгүй зээл гэж байхгүй. Цалин, тэтгэвэр, тэтгэмж, мал бол зээлдүүлэгчийн хувьд баталгаатай эх сурвалж. Ингээд бодохоор мөнгө хүүлэх бизнес Монголд маш хүчтэй хөгжсөн болж таарч байна. Энэ бүхний талаар та судалж үзэв үү. Цалин, тэтгэвэр, тэтгэмж барьцаалсан зээлийн хэмжээ, мөнгө хүүлэгчдийн олж буй ашиг ямар тоогоор хэмжигдэх бол оо...
-Хүүгүй зээл гэж байхгүй гэж хэлж байгаатай санал нэгдэхгүй байна. Хүүгүй зээл олгодог зээл, санхү үгийн тогтолцоо олон оронд байгаа. Хүүгүй зээл олгох давуу тал нь банкуудад хүний эд хөрөнгийг барьцаалж мөнгө хүүлэх ажлыг хийлгэхгүй байх, харин банкуудыг жинхэнэ бодит эдийн засагт хэрэгжүүлэх бизнес төслийн ашиг хуваагч болгодгоороо чухал юм. Мөнгө хүүлэх бол хамгийн том нүгэл хэмээн Библи, Коран, Буддын сударт заасан байдаг юм. Юуг мөнгө хүүлэх гэж хэлэх вэ гэдэг асуудал байгаа. Японы Төвбанкны бодлогын хүү жилд 0.15 хувь байсныг их байна хэмээн үзээд тэглэх жишээтэй. АНУ бодлогын хүүгээ жилд 6.5 хувь байгааг их байна хэмээн үзээд 0.25 болгосон байна. Зээлийн хүү хямралын үндэс гэдгийг олон орон хар даг болчихож. Манай эрх баригчид үүнийг олж хардаггүй. Тархийг нь гаднынхан угаачихсан юм. Мөнгө хүүлэх арга замаар монголчуудын бүтээж байгаа баялаг гадагш урсаад байгаад хэргийн учир байна.
-Энэ аймшигтай сүлжээг тэгээд хэрхэн таслан зогсоох боломжтой вэ. Төр засаг нь ямар арга хэмжээ авах ёстой юм бол.
-Ёстой зөв асуулт байна. Энэ асуудлаар МАН, АН, МАХН, МҮАН, бусад бүх улс төрийн намууд ухаан бодлоо дайчлах шаардлагатай болжээ. Шийдэл монголчуудын хүсэл зоригоос хамаарна.
Го.ЭНХТӨР