Их Британид Монголын талаар нэгэн шуугиан дэгдлээ. Монгол Улсын Үндэсний аюулг үй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг баривчилсан тухай жил дамжин шуугисан бол энэ удаад монголчууд БНАСАУ-ын ажилчдыг ажиллуулан, хүний эрх зөрчлөө гэж үзсэн байх юм. Энэ тухай “The Independent” сонинд гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Британийн компаниуд дарангуйлагч нийгмийн дарлагдсан ажилчдыг орлого олох атгаг санаандаа ашиглаж байна. Монголын нэгэн үйлдвэрийн оёдлын машины ард эмэгтэйчүүд сууна. Тэдний дунд нүүрэндээ зузаан гэгчийн энгэсэг түрхсэн, цав цагаан царайтай хэдэн арван хүүхэн суух нь коммунист эзэддээ мөнгө олж өгөхөөр ажиллаж буй Хойд Солонгосын эмэгтэйчүүд аж. Тэд Ази тив даяар тархсан тус улсын хэдэн арван мянган ажилчдын зөвхөн нэг хэсэг нь бөгөөд улсынхаа сан хөмрөгт валют оруулах үүрэгтэй. Харин Британийн хэрэглэгчид өөрсдөө ч мэдэлгүй тэдний бүтээгдэхүүнийг худалдан авснаар Хойд Солонгосын дарангуйлагч эздийн халаасыг дүүргэхэд хувь нэмрээ оруулж байна хэмээн Британийн “The Independent” сонин болон сэтгүүлчдийн “WorldView” эрэн сурвалжлах төслийнхний Монголд хийсэн судалгаа харуулав.
Монгол, БНАСАУ-ын хооронд байгуулсан гэрээний дагуу солонгос ажилчид Монголын үйлдвэр, барилгад ажиллаж байгаа бөгөөд тэднийг нууц албаныхан хатуу чанд хянаж байдаг аж. Эдгээр солонгос ажилчид Британийн “Edinburgh Woollen Mill (EWM) мэтийн брэндүүдийн барааг ч үйлдвэрлэдэг байна. Улаанбаатарын “Ээрмэл” оёдлын үйлдвэрт урилгаар ажиллаж байгаа Их Британийн мэргэжилтэн Дэвид Вудс солонгос ажилчдыг туршлагатай, томоотой, хичээл зүтгэлтэйн дээр хэзээ ч гомдол гаргадаггүй сайн хүмүүс хэмээн магтаж байна. Харин Хойд Солонгосын ЭСЯ ажилчдадаа гэрээний гурван жилд хийх ажлынх нь битгий хэл өдөр тутмынх нь цагийн хуваарийг гарган, хатуу хянадаг тул тэд гаднын хүнтэй харилцахдаа тусгай зөвшөөрөл авах ёстой байдаг гэнэ.
Ноён Дэвид Вудс бидэнд солонгос ажилчдын оёсон “Edinburgh Woollen Mill (EWM) компанийн James Pringle ноолууран цамцыг үзүүлж, үйлдвэрийнхээ 80 солонгос оёдолчныг Элчин сайдынхаа гаргаж өгсөн цагийн хуваарийн дагуу хэрхэн амьдардгийг ярьж өглөө. Дашрамд дурдахад, тэд сард 200 фунтийн цалин авдаг аж. “Ээрмэл” үйлдвэрийн экспортын захирал Баяр “Бид солонгос ажилчинд монголчуудтай адилхан цалин өгдөг. Гэхдээ цалинг нь БНАСАУ-ын ЭСЯ руу гуйвуулдаг системтэй. Тэд яаж хуваарилдгийг бид мэдэхгүй” хэмээн манай сэтгүүлчид ярьсан юм.
Ард иргэдээ гадаадад гаргах нь битгий хэл дэлхийд юу болж байгааг ч мэдэгдэхийг хүсдэггүй дэглэмтэй улс ажилчдаа яагаад гадаадад гаргах болсон юм бол? Олон арван мянган иргэнээ гадаад орны талаар төсөөлөлтэй болгох эрсдэлтэй энэ алхмыг БНАСАУ-ын эрх баригчид эдийн засгийн гүн хямралаас болж хийхээс өөр аргагүйд хүрсэн хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Нөгөө талаар, Пхеньян орчин үеийн даяарчлагдсан эдийн засгийн ертөнц өд дасан зохицож, ашиг олж сурчээ гэсэн үг. Дуулиант WikiLeaks-ийн энэ жилийн наймдугаар сард бичсэн нийтлэлээс үзвэл монголчууд 2004 оноос Хойд Солонгосын ажилчдыг авч эхэлсэн аж.
Монгол дахь Америкийн ЭСЯ-ны бичиг баримтад дурдсанаар Хойд Солонгосын төлөөлөгч Монголд байдаг канад эзэнтэй алтны уурхайн удирдлагатай уулзан, өдөрт 1.5 долларын цалинтай хямдхан ажлын хүч санал болгосон байна. Мөн тус баримтад “Монголд байгаа Хойд Солонгос ажилчдын ажил болон амьдралын нөхц өл тун муу. Тэд байнгын дарамтад байх бөгөөд ажлын байраа чөлөөтэй орхих эрхгүй. Тэднийг БНАСАУ-ын Засгийн газрын төлөөлөгч хянаж байдаг. Ажилчдын гэр бүл Солонгост байгаа тул яаж ч чаддаггүй. Цалинг нь бүрэн өгдөггүй гэсэн мэдээлэл бий” хэмээн дурджээ. Хойд Солонгосын талаар мэргэшсэн судлаач Брайан Майерс “Хойд Солонгост гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулснаас гадаадад хэл мэддэггүй хэдэн ажилчин аваачаад, дотуур байранд хориод ажиллуулж мөнгө олсон нь аюулгүй гэж тэд үзэж байна” гэж ярьсан байна. Цалин багатайгаас гадна сахилга бат сайтай тул монголчууд солонгос ажилчин авах сонирхолтой.
Монголын НХХЯ-ны мэдэгдсэнээр Монгол Улс энэ жил Хойд Солонгосоос авах ажилчны тоогоо 2200-гаас 3000 болгон нэмсэн байна. Хойд Солонгостой нөхөрсөг харилцаатай цөөхөн хэдэн орны нэг нь Монгол. Орост 2010 оны судалгаагаар 21 мянган солонгос ажилчин байгаа бол Хятадад албан ёсны тоо байхгүй ч түүнээс олон байгаа нь ойлгомжтой. Солонгос оёдолчдын ажилладаг Монголын “Ээрмэл” үйлдвэр нь Британийн EWM болон Hush, Moray, Brodie сүлжээнд ноолууран бүтээгдэх үүн нийлүүлдэг юм. Мөн Герман, Япон, Итали, Австралид ч бараа нийлүүлдэг гэж ноён Вудс бидэнд сонирхууллаа. Энэ нь НҮБ-аас Хойд Солонгост тавьсан эдийн засгийн хориг тус оронд үйлчлэхгүй байна гэсэн үг.
Хойд Солонгос ажилчдаа яг ямар нөхцөлөөр гаргаж байгаа талаар баримт олдоогүй ч тэднийг ажиллуулж буй хувийн компанийн эзэд амаа хамхин байж, солонгос хүн ажиллуулна гэдгээ мэддэг бололтой. “Ээрмэл” үйлдвэрийн захиргаа БНАСАУ-ын ЭСЯ-тай утсаар ярьсныхаа дараа бидэнд Хойд Солонгосын ажилчдаас ярилцлага авахыг зөвшөөрөөгүй билээ. Монголын ГХЯ-ны түшмэлүүд ч солонгос ажилчдын цалин хөлсний талаар ярихгүй байна. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар “Монголд ажиллаж, олсон мөнг өөрөө тэд гэр орноо тэжээж байгаа” хэмээн бидэнд ярилаа. Солонгос ажилчид цалингийнхаа яг хэдэн хувийг авдгийг мэдэх үү гэсэн бидний асуултад тэрбээр “Тэд эх орныхоо өмнө ямар нэгэн үүрэг хүлээдэг байлаа ч гэсэн бид гадаад орны дотоод хэрэгт оролцохгүй” гэж хариулсан юм. “Ээрмэл” үйлдвэрийн цалинг Монголын дундаж хэмжээ гэж авч үзвэл энэ үйлдвэрийн солонгос ажилчид нутагтаа жилд долоон сая фунт оруулж байна гэсэн үг. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 40 тэрбумхан ам.доллар байдаг энэ орны хувьд долоон сая гэдэг багагүй мөнгө.
EWM компаниас Монголын “Ээрмэл”-ээс бараа авдаг болон тус үйлдвэрт солонгос ажилчид байдаг талаар мэддэгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ цалинг нь солонгос ажилчдад шууд олгодог гэж боддог байсан, Хойд Солонгосын Засгийн газарт ордог гэж мэдээгүй хэмээн тайлбарлаж байна. Тэгэхээр “Ээрмэл”-ийн албаны төлөөлөгч болон EWM компанийн ярьж хэлж байгаа зүйлд их зөрүү байгаа нь харагдаж байна. Хөдөлмөрийн гэрээ нь нууц байлаа ч, ямар ч гэсэн Олон улсын хөдөлмөрийн хуулийг зөрчиж байгаа нь тодорхой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Сөүлийн Кукмин их сургуулийн профессор, солонгос судлаач Андрей Ланков “Хойд Солонгосын хүн бүр гадаадад гарч ажиллахыг мөрөөддөг. Тэд эх орондоо хэзээ ч гадаадад байгаа шиг цалин авч чадахгүй. Гэхдээ хамгийн гол нь гадаадад гарч хэдэн жил ажилласан хүн дэлхий ертөнцийн талаар мэдээлэл олоод нутагтаа харьдаг. Үүний ачаар энэ нийгэм өөрчлөгдөх болно” гэж ярьж байна.
Хойд Солонгосын ажилчид нутагт нь буцаачих вий хэмээн байнга эмээдэг гэнэ. Улаанбаатар дахь БНСУ-ын Бизнес нийгэмлэгийн гишүүн Ко Кван Суб (Koh Kwang Sub) “Гараа хугалчихаад сар хэртэй нуугдсан Хойд Солонгосын ажилчинтай уулзаж байсан. Тэр гараа хугалсаныг нь хянагч нар мэдчихвэл нутаг руу нь буцаана хэмээн айж байсан” гэж ярьсан. Ко Кван Суб Улаанбаатарт эмийн сантай бөгөөд гэмтэж бэртсэн Хойд Солонгосын ажилчдад туслалцаа үзүүлж байсан гэнэ. Хойд Солонгосоо дэлхийн хамгийн хөгжилтэй орон гэж бодож байсан солонгосчууд Монголд анх ирээд олон янзын гар утас, элбэг дэлбэг дэлгүүр хараад соёлын шоконд ордог нь ойлгомжтой. Насаараа хууртагдаж байснаа мэдээд тэд зугтах бодолтой болдог байх.
Монголын Дархан-Уул аймгийн Шарын голд байдаг БНСУ-ын бизнесмений Ха Кон Юн (Ha Kyeong Yun) фермд Хойд Солонгосын 30 ахмад дайчин ажилладаг бөгөөд тэр “Тэд цэргийн хүм үүс болохоор тэр үү хатуу дэглэмтэй. Монголд ажиллаж байгаа солонгос эрчүүд ихэнх нь 40 гарсан хүмүүс байдаг нь тохиолдол биш. Бүгд нутагтаа гэр бүлээ үлдээсэн болохоор энд ямар нэг хэрэг таривал гэрийнхэн нь шийтгэгдэх аюултай” гэж ярилаа. Тэгэхээр тэд сахилга баттай байхаас өөр яах билээ. “Ээрмэл”-ийн мэргэжилтэн Вудс EWM-тэй хамтран ажиллаж байгаадаа ихэд бахархаж байна.
Вудс “Солонгос ажилчид яагаад Монголд ирдгийг би мэдэхг үй. Гэхдээ тэд үнэхээр хичээл зүтгэлтэй ажилладаг болохоор би баяртай байдаг” гэж бидэнд хэлэв. Монгол 2004 оноос Хойд Солонгосоос ажиллах хүч авч эхэлсэн. 2008 онд Ажиллах хүч авах шинэ гэрээ байгуулснаар 2013 он хүртэл 5000 ажилчин авах болсон. Одоо энд Хойд Солонгосын 3000 иргэн ажиллаж байна.
М.Сугараа