Монголын чөлөөт, ардчилсан сэтгүүл зүйд нэгэн үе түүчээ тогоруу нь байсан, энэхэн цагт өмөг нөмөр нь болсоор яваа Өвгөн багш Ц.Дашдондов гуай маань “Эрээнтэй бараантай амьдралын эвлүүлэггүй тэмдэглэл” номынхоо хоёр дугаар дэвтрийг нийтлүүлснээ хишиг болгон хайрлаж, санаж хичээх сургаал хайрлаад гарлаа. Авсаархан атлаа алган дээрээс буулгамгүй мөнөөх номыг амтархан уншсаар алба ажлаа умартав. Гэхдээ харамсахын шалтаг огт үгүйгээр барахгүй, бичих сэдвийн минь үүтгэл санааг аманд хүлхүүлж, оюунд нэрж өгсөнд баярлав. Өвгөн багшийн номонд “Ганц гараар алга ташдаггүй”, “Хормой дороо агуйтай хүнээс би холхон байхыг хичээдэг”, “Нусан баатрууд усан буугаар буудахад нугдайж далдичдаг нь би биш”, “Хоймрын хөөрөө хотонд сонсогддог”, “Номхон бурхныг нохой ирж долоодог” гэх мэтийн шүр сувд мэт үг, хэллэг олон таарсан нь Монголын бүрхэг намрын тэнгэр дорх бүүдгэр улс төрийн өнгө аясыг олон таван үггүйгээр онч шулуун илэрхийлж байх шиг санагдсан юм.
“ХОРМОЙ ДОРОО АГУЙТАЙ ХҮНЭЭС ХОЛХОН БАЙ”
УИХ-ын хэд хэдэн гишүүн, МАН-ын зарим албатууд Засгийн газраа огцруулах тухай нам нийлэн сэм ярьж, санал нийлэх хүний эрэлд өөд уруугүй, өглөө оройгүй хатирч, өөр намынхантай ч сээр хүзүүгээрээ хэлхэлдээд байгаа сураг халуун намраас улбаалсан. УИХ-ын намрын чуулган эхэлснээс хойш энэ санаархал ил гарч, энд тэндээс элдэв барьц олох гэж ядаж байна. Оюутолгойн гэрээ онцгүй болжээ, 50 хувийг бид эзэмших ёстой гэв. Тавантолгойн ордыг монголчууд өөрсдөө ашиглаж чадна. Гаднынхнаар яах юм. Бид нүүрс ухаж сурсан. Ухаад, ачаад байхад ядах юм байхгүй гэцгээв. Улсын эдийн засаг өсөж, төлөвлөснөөс ахиухан орлого олсныг бүтээн байгуулалтад зарцуулъя хэмээснийг цацаж тараах гэлээ. Хадгалж байх ёстой гэж номчирхов. Нэгэнт амласан бол биелүүлэх ёстой.
Эх орны хишгийг 2012 ондоо багтааж бүрэн өгье гэсэн зарчмыг Засгийн газар 2012 оны улсын төсвийн төслийг хийхдээ баримталсан нь заримд таалагдсангүй, Ерөөсөө өгөх ёсгүй гэж хэлж арай зүрхлээгүй ч “Ер нь дэмий юм байгаа юм. Тэгээд яг өгч чадах юм уу. Ахмадуудад 1.0 сая төгрөг өгчихөөд бусдыг нь яах гээд байна” гэх мэтээр өөрөө амлаагүй юм шиг дайвар бүтээгдэхүүнээр хачирлахаа мартсангүй. Ингэхэд Оюутолгойн гэрээг хэн баталсан юм бэ? УИХ буюу эрхэм гишүүд өөрсдөө биш гэж үү? “Би эсрэг байр суурьтай байсан” гэж амиа авч гарахыг оролдох хэрэггүй. УИХ олонхиороо шийдвэр гаргадаг. Хэдийгээр Та цөөнхийн нэг байсан байж болох ч олонхиор нэгэнт баталсан хуулийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавихад оролцох үүрэгтэй. Араас нь гоншигонох, шороо цацах хэрэггүй.
Ардын Намын “хормой дороо агуйтай” хүмүүст ч энэ үг хамаатай. “Бид хамтдаа. Манай нам олонхиороо шийдвэр гаргаж, цөөнх нь дагадаг” гэж баруун солгойгүй бураад байдаг шүү дээ. Басхүү намынх нь удирдах байгууллага, УИХ дахь бүлгийнх нь шийдвэр гарч байж Гэрээ батлагдсан. Манай нам хэрэгжиж шийдэгдэлгүй хэчнээн жил дуншсан Оюутолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах түүхэн шийдвэрийг гаргаж чадлаа гэж баярлан бахархаж байснаа мартлаа гэж үү? Тавантолгойг 100 хувь ард түмний мэдэлд өгье. Өөрсдөө ашиглаад, өөрсдөө борлуулаад ард түмэндээ ашгийг нь хүртээе гэдэг мэдээж хэрэг хүн бүхэнд сайхан сонсогдоно. Гэхдээ юм тийм хялбаргүй. Сайн техник худалдаж аваад газар дорх нүүрсийг ухаж авч чаддаг юмаа гэхэд борлуулна гэдэг санаан зоргоор бүтчих зүйл биш.
Тавантолгойн нүүрсийг өөрсдөө худалдаж аваад, түлж шатаахгүй нь мэдээж. Аавын дээлийг өлгийтэй хүүхдэдээ өмсгөхийн адил хэтэрхий ахадна. Тэгэхээр хоёр том хөршийнхөө хилийг давж байж л борлуулна. Энэ нөхцөлд хөршүүдийн эрх ашиг үйлчлээд эхэлнэ. Нүүрсээ үнэд хүргэж, ахиухан ашиг олж чадах, эсэх нь тэднээс шууд хамаарна. Наад захын бэрхшээл энэ. Энэ мэтээр гаднынхныг оролцуулах нь зайлшгүй болох тухай олон жишээ дурдаж болно. Оюутолгойн олборлолт, үйлдвэрлэлтэд Канад, Австрали оролцож буй нь нэг талаасаа бидэнд нэлээд ашигтай нөхцөлийг бүрдүүлж буй. Гартаа тамга атгаж суугаагаа бид ойлгохгүй байж ч мэднэ. Хэрвээ тохирсон гэрээлснээсээ ухарч, наймаа арилжаагаа буцсаар байгаад тэднийг орхиод явахаас өөр аргагүйд хүргэж орхивол буурин дээр нь хэн ирж, юу шаардахыг, бид хэний атганд орохыг төсөөлж л байна.
Нэгэнт хийчихсэн ч гэсэн гэрээний зүйл заалтыг өөрчилж шинэчлэх хуулийн эрх, боломж, цаг хугацаа байсаар байтал заавал Засгийн газрыг огцруулах мэтийн том муна барьж аваад байгаа нь юутай холбоотой вэ гэвэл ердөө л УИХ-ын ээлжит сонгууль ойртсоных. Ирэх жил болох сонгуульд нэр дэвшиж чадах, эсэх нь бүдэг байгаа хүмүүс голлож, албан тушаал, эрх мэдлээ чамласан, эсвэл бужигнааны сиймхийгээр ашиг хонжоо олж болно гэж тооцоолсон хэдхэн хүний л үйл хэрэг болох нь өдрөөс өдөрт ил тод болсоор байна. Засагтай ноцолдох гэж дэвж шаваад байгаа хүмүүсийг нэг шинжээд үзээрэй. Сайд болох мөрөөдлийг дөрвөн жил тээсэн, Байнгын хорооны даргын албан тушаалдаа дахин нэг жил сунаж ажиллах гээд хүссэндээ хүрээгүй, эсвэл ерөөсөө алдах юмгүй болчихсон хүмүүсийн дүр зураг л тодрох вий. Тэдэнд сонгуулийн өмнө хамгийн эмзэг, чухал сэдвийг хаанаас нь ч хамаагүй барьж аваад дүүгүүрдэж эхлэх, эх орончийн дүрд тоглоод байх сонголт л үлдсэн хэрэг. Хамгийн чанга хашгирвал буруу ч, зөв ч миний дуу хүнд хүрнэ гэсэн цорын ганц итгэл үнэмшил нь тэднийг энэ зам руу хөтөлж байгаа. Тэднийг “хормой дороо агуйтай хүн” гэж нэрлэх нь гарцаагүй ононо. Өөрийнхөө дорх агуйд л өөрөө битгий ойччихоосой билээ.
“ГАНЦ ГАРААР АЛГА ТАШДАГГҮЙ”
Засгийн газар ямагт муу хэлүүлдэг. Тэдэнд сайн хэлүүлэх, алга ташуулах хувь оногдох нь ховор. Улс орны амин чухал асуудал, ард иргэдийн өдөр тутмын амьжиргааны эмзэг нарийн бүхэнтэй зууралдаж байдаг учраас тэр. Тэдний юу хийсэн, ямрыг бүтээснийг хожим хойно л үнэлдгийг түүх нотолно. Энэ бол засгийг өмөөрөөд бай гэсэн үг ч биш. Тэднийг шүүмжлэх ёстой. Үйлдэл бүхэн нь бидний өнөө маргаашид хамаатай учраас маш сайн хяналт тавьж, бурууг нь ил хэлж байх учиртай. Ингэхгүйгээр өөрт ногдох ашиг, хэсэг бүлгийн эрх ашгийн төлөө гайтуулах гэж гажигтах нь Монголын эрх ашигт харшлах бөлгөө. Хамтарсан Засгийн газрыг харлуулах санаархал нэг биш хүнд, нэлээд хэдэн нам хүчинд байгаа. Тийм ч байдаг. Гэхдээ харлуулах санаархал байгаа бол нөгөө талд нь өмөөрөх шалтгаан бас байх нь дамжиггүй. Монголын улс төрийн хамгийн нөлөө бүхий хоёр нам 2008 оны сонгуулийн дараа “би, чи” гэж талцалгүй хамтраад төр барих замыг сонгосон нь түүхэн сонголт байсан. Хэрвээ хамтраагүй бол Оюутолгойн гэрээ батлагдах нь эргэлзээтэй. Юун 50 хувь, ямар юмных нь ашиг орлого.
Хэлэлцэж, зөвшилцөж чаддаггүй, хэрүүлээр амьсгалсан Монголын улс төрөөс гаднын хөрөнгө оруулагчид өдийд дайжаад, хэн нэгэнд худалдчихаад яваад өгчихсөн байхыг ч үгүйсгэх газаргүй. Шинэ төмөр замын бодлого, үйлдвэржүүлэлтийн хөтөлбөр урагшаа алхсан байх нь юу л бол. Хөгжлийн банк байгуулагдчихсан байна гэдэг эргэлзээтэй. Хөрөнгийн биржид Лондонгийнхон ирээд ажиллаж байна гэдэгт итгэх арга байхгүй. “Атрын III аян”-ы үр дүн энэ намрынх шиг байж чадах болов уу. Монголчууд түүхэндээ авч байгаагүй их хэмжээний улаан буудай хурааж, төмс, буудайн хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах хэмжээнд хүрэх байсан уу? Иймэрхүү эргэлзээтэй олон асуулт урган гарч ирнэ. Тэгэхээр хамтарсны олзыг бид хүртэж байгаа. Цаашдаа ч хамтраасай гэж хүсэх шалтгаан бий. Яагаад гэвэл бид хөгжих, эс хөгжих, нүүх суухын түүхэн цаг үеийн босгон дээр ирээд байгаа. Зөрчилдөж сөргөлдөхийг хойш тавих, эвлэлдэн нэгдэх, цаг хугацаа хожих, боломж нөөцөө ашиглах хамгийн чухал босго үе бидний өмнө байна. Хормой дорх агуйдаа нүх ухаж суух цаг биш. Засаг төрийн зөвийг дэмжиж, бурууг анхааруулж, шахаж шавдуулж ажиллах цаг ирсэн байна.
С.Батболдын Засгийн газрыг ганхуулах гэж биш, унтуулахгүй ажиллуулахын төлөө, ачааных нь булангаас дэмнэлцэж хүчээ өгөхийн төлөө хичээх ёстой. Ер нь хаа очиж С.Батболд боломжийн Ерөнхий сайд юм биш үү? Сүүлийн 10 жилийн дотор анх удаа олон улсын эдийн засагч мэргэжилтэй хүн Засгийг удирдаж байна. Олон улсын бизнесийн харилцааны тодорхой хэмжээний туршлага хуримтлуулчихсан, төрийн жирийн албан хаагчаас Гадаад харилцаа, Үйлдвэр худалдаа гээд өнөөгийн Монголын стратегийн ач холбогдолтой гэж болох хоёр ч яамны сайдаар ажиллачихсан, төсөл тендерээс юм унагах гэж шунаад байхааргүй хөрөнгө чинээтэй энэ хүнд давуу олон тал байх шиг. Боловсрол, стандарт, хөрөнгийн зах зээлийн салбарын шинэчлэл, бүтээн байгуулах эрмэлзэл гээд чухамхүү эдийн засаг, бизне сийн мэдлэг, туршлагатай хүнээс гарч болох санаачилга дэвшүүлж, ажил хэрэг болгохоор зорьж байгаад нь олон нийтийн дийлэнх олонх талархаж байгаа. Эдийн засаг өсөж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ Засгийн газартай, газаргүй урсгалаараа өсөж байгаа юм гэж буудах эрхэм хууль тогтоогчдын дунд байж л байна. Хөрс шороо, ус бороогүй бол төмс ургахгүй.
Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн хөрс суурийг бий болгосноор л амжилт ололт гарч таарна. Тэгэхээр Засгийн газарт алга ташиж болохгүй гэж үү. Хотон дахь хонио тоолоод “Мянга байна” гэхээр “Үгүй ээ, мянгахан л байна” гэдэг гутаах сэтгэл өвөрлөж явахаа боливол яасан юм? Амжилт, ололтод ганц гараараа биш, хоёр гараараа алга ташиж суръя. Гэхдээ Засгийн газрыг ташуурдаж байх ёстой. Ташуурдуулах гэж л тэд засаглалын сэнтийд заларсан. Эдийн засгийн өсөлт энгийн иргэдэд огт мэдрэгдэхгүй байгаагийн бурууг тэд үүрэх ёстой. Эдийн засгийн болон ДНБ-ий өсөлт иргэдийн амьжиргаанд мэдрэгдэж байвал л жинхэнэ өсөлт болно. Иргэд нь бүгдээрээ эрхлэх ажил хөдөлмөртэй болж, өрхийн орлого их бага ч гэсэн нэмэгдэж байвал үр дүн тэр мөн. Тэднээс бодит үр дүн нэхэж, тэр түлхүүр зорилт руу анхаарлыг нь хандуулах нь бидний үүрэг.
Тэрнээс найман сарын дараа болох сонгууль руу талимаарч, хажуу хавирганыхан руугаа шүлсээ үсэргээд байх нь Монголын өнөө, маргаашийн өнгө төрх биш. Тэрчлэн “Нусан баатрууд усан буугаар буудахад нугдайж далдичаад” байхын ч хэрэггүй. “Номхон бурхныг нохой ирж долоодог” гэдэг үгийг ч санахад илүүдэхгүй. “Намын дарга дуудсан. Би очоогүй. Очиж яах юм” гэж ярьж яваа гишүүн ч байж л байна. Тэр бие дааж нэр дэвшээд сонгогдоогүй, намынхаа тугийг дэрвүүлж, түлхүүлж хөтлүүлж байж Их хурлын танхимд орж ирснээ санаж байх учиртай. Өвгөн багшийн үгнээс будаа идэж, өнөөдрийн улс төрийн өнгийг шинжих гэж оролдсон минь энэ буюу. Өмөөрөхийг иш болгож, хэн нэгэнд таалагдах гэж, эсвэл бусдын гуйлт хүсэлтээр үүнийг бичсэнгүй. Хойморт суучихаад хоёр үзүүртэй зүү шиг аашлаад байгаа хүмүүсийн яриа хөөрөө энд ч сонсогдоод байгааг л тоймлохыг оролдов.
Б.ТЭГШ