Арга билгийн ухаанаар аливааг зохицуулсаар ирсэн монгол уламжлал сүүлийн хэдэн жилд алдагджээ. Эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо тулга тойрохоос хэтрэхгүй байх ёстой гэсэн үзэл хүмүүсийн ухаанд суучихаж. Манай улсын хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэгсэн атлаа УИХ-ын 76 гишүүний гурав нь л эмэгтэй. УИХ-ын гишүүдийн ердөө 3.9 хувь нь болж байна. Засгийн газрын танхимын гишүүдийн 6.6 хувь нь бүсгүйчүүд. Шийдвэр гаргах төвшинд бүсгүйчүүдийн төлөөлөл нэг иймэрхүү, 10 хувьд ч хүрэхгүй байгаа юм. Гэтэл бид тэгш эрхийн зарчмыг хэдийнэ тунхаглачихсан ардчилсан улс байдаг. Манайх шиг бүсгүйчүүдийн оролцоог үл хайхарч, тэднийг зуухнаасаа дээш гаргахгүйг хичээдэг улс орон хэд бол. Ер нь энэ талаар бид ямархуу төвшинд явааг сонирхоод нэг үзье. Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэж байгаа. Үнэндээ эрхэм түшээд сонгуулийн тогтолцоо, түүн дотроо мажоритар, пропорционалийн харьцаа, тойрог хуваарилах эсэхэд л хамаг анхаарлаа хандуулаад буй. Төрийн шийдвэр амьдралд нийцтэй, уян хатан байх эсэх сонин биш.
Дараагийн сонгуулиар өөрсдөө сонгогдох боломжийг бүрд үүлэх хууль батлах нь л чухал байхад юун бүсгүйчүүдийн оролцоо, арга билгийн ухаантай манатай сууна. Сонгуулийн уур амьсгал ороогүй “тайван” цагт ч тэд бүсгүйчүүдийн тухай бодохоос “айдаг”. Улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн болон төрийн бус байгууллагууд хүйсийн төлөөллийн доод хэмжээ буюу квотыг хуульчлах гэж олон жил хөөцөлдөж буй юм. Сонгуулийн хуулийн одоогийн төсөлд бүсгүйчүүдэд 15 хувийн квот олгохоор тусгасан. Дэлхийн улс оронд квотыг нэр дэвшүүлэх, суудал хуваарилах гэсэн хоёр зарчмаар хэрэглэдэг. Манай хуулийн төсөлд тусгаад буй нь эхний арга. УИХ-д тухайн намаас нэр дэвшүүлэх хүмүүсийн 15 хувь нь бүсгүйчүүд байна гэсэн үг. Суудал хуваарилах зарчим гэдэг нь 76 суудлын хэдэд нь эмэгтэй гишүүн сонгогдохыг заагаад өгөхийг хэлж буй юм. Гэвч ийм “хатан зориг” манай эрэгтэй гишүүдэд байхгүй. Одоогоор дэлхийн 40 гаруй оронд хуулиар квотын систем хэрэглэдэг. Тэдний дунд шашин, соёлоороо бүсгүйчүүдийг “ад үздэг” БНАСАУ, Иордан, Афганистан ч байх юм.
2005 онд Парламентад эмэгтэйчүүдийн эзэлж байсан суудлыг авч үзвэл Шведэд 45, Финландад 38, Данид 37, Норвегид 36, Исландад 30 хувьтай байжээ. Гэтэл манайд түүхэндээ ганц удаа буюу АИХын үед 24 хувьд хүрсэн. Үүнээс хойш бүсгүйчүүдийн эзлэх хувь шийдвэр гаргах төвшинд тасралтгүй буурсаар дээр дурдсан хэмжээнд хүрснийг сануулах юун. 1991-2000 онд Латин Америкийн 11 орон квотын хууль гаргасан түүхтэй. Тэд бүсгүйчүүдэд 20- 40 хувийн квот олгожээ. Колумб улс Гүйцэтгэх засаглалд бүсгүйчүүд 30 хувь эзлэх ёстой хэмээн хуульчилжээ. Энэ мэтээр квотыг хуульчлан хэрэгжүүлж, бүсгүйчүүдийн давуу талыг мэдэрсэн байна. Бүсгүйчүүд юугаараа илүү юм бэ. Эрчүүд давамгайлсан парламентаас нийгмийн гэхээсээ илүү Эрүүгийн гэх мэт хатуу хуулийг олноор баталдаг аж. Бүсгүйчүүдийн оролцоо илүүтэй газраас амьдралд ойр, уян хатан шийдвэр гаргадгийг судалгаагаар тогтоожээ.
Мөн квотыг хуульчлахгүйгээр намуудын дүрэмд оруулдаг арга бий. Улс төрийн намууд нь дүрмээрээ квот олгосон 50 гаруй орон байдаг аж. Үүний тоонд Монгол Улс ордог оо. МАН дүрмээрээ бүсгүйчүүдэд 25, АН 30 хувийн квот олгосон. Гэвч энэ босгондоо хүрч нэр дэвшүүлэх нь тэр бүр үгүй. Чадалтай бүсгүйчүүдээ олонд таниулж, сонгуулиар сойвол зарим нэг “мөнгөөр зодсон” хоосон толгойтой нөхрөөс илүүгээр намынх нь нэр хүнд өсөж, тэр хэрээр зөв шийдвэр гаргах боломж бүрдэх биз ээ. Жендерийн тухай хуулийг батлахад Сонгуулийн хуульд квотыг оруулчихна гээд тэр хэсгийн заалтыг хасчихсан. Тиймээс Сонгуулийн хуулийн бас нэг чухал заалт болох бүсгүйчүүдийн квотод анхаарлаа хандуулах цаг болжээ. Шударга өрсөлдөөнийг уг төсөлд тунхаглах гээд байгаа УИХ энэ зарчмаа хэрэгжүүлж, квотыг хуульчлах учиртай.
Нийгмийн сэтгэхүйг өөрчилж, арга билгийн ухааныг сануулахын тулд намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага, төрийн бус байгууллагууд оюуны хувьсгал хийхээр ажиллаж буй. Квотыг хуульчилсан орнуудын тоонд Монгол Улс багтах цаг харин хэзээ бол.
С.ТУЛГА