Оюутолгойн төслийг урагшлуулж, Тавантолгойг хөдөлгөнө гэсэн итгэлээр хамтарсан Засгийн газрыг олон түмэн дэмжсэн. Энэ хоёр төслөөс том нэг зүйлийг шийдээрэй гэсэн нь сонгуулийн ардчиллыг бэхжүүлэх үүрэг байлаа. 2008 оны долдугаар сарын 1-нийх шиг эмгэнэлт хэргийг давтахгүй байх, олон улсын тавцанд олж авсан ардчилсан нэр төрөө баталгаажуулах үндсийн үндэс нь сонгуулийн тогтолцоогоо шинэчлэх явдал юм. Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 97, 98 хувийг нь батлахад бэлэн болсон гэж байгаа ч МАН-ын бүлгийн хэтэрхий хатуу байр суурь бүхнийг нураахад хүргэж мэдэхээр боллоо. Уржигдар болсон тус бүлгийн хурлаас мажоритарын нэг мандат бүхий 48 жижиг тойргоор сонгууль явуулах шийдвэрийг бараг гаргачихав.
2008 онд томсгосон тойрог байгуулснаар мөнгөний нөлөөлөл багасаж, өрсөлдөөн ил тод, харьцангуй шударга болж эхэлсэн. Тэглээ гээд мажоритар тогтолцооны сул талыг арилгаж чадаагүй билээ. Тэгш бус, сонгогчдын саналыг маш ихээр гээдэг явдал хэвээр үргэлжилсээр байсан тул олон түмний бугшсан бухимдал сэдэрч, “долдугаар сарын 1” гэх үймээн самуунд хүргэсэн. Тавын таван хүний амийг авч одсон тийм эмгэнэлт хэрэг дахин гаргуулахг үйн тулд АН, МАН сонгуулийн шинэчлэл хийхээр 2008 оны сонгуулийн дараа тохирч хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Гэтэл одоо МАН 26-г 48 болгон хэрчихээр шийджээ. Цагаа болохоор тэд худал шударга царайлахаас биш, улс орноо боддоггүй юм байна. Эхлээд цэвэр пропорциональ тогтолцоог сонгохоор тохирч явснаа замын дунд пропорциональ давамгайлахаар болсон.
Дараагийн сонгуулийн зургаар МАН-ын голдуу гишүүдийн ялах боломж харагдахаа баймагц мажоритар руу эргэв. АН-ын хувьд буулт хийсээн хийсэн. 50:26 гэсэн пропорциональ давамгайсан хувилбараасаа уруудсаар 38:38-ыг санал болгосон ч даварсан МАН-д энэ хүлцэнгүй байдал хангалтгүй санагджээ. 48:28 гэсэн мажоритар давамгайлсан хувилбарыг сөргүүлэн тавьснаа, ерөөс больё, энэ байдлаар ялагдах юм байна. Муухай ч гэсэн сурсан аргаа хэрэглэе гээд нэг мандат бүхий 48 тойргоос буцахгүй байхаар шийдлээ. Монгол Улс эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирлээ гэх болсон үедээ олсон жаахан мөнгөө гарын салаагаар урсгахыг МАН-ынхан юман чинээнд бодохгүй байна.
Сонгуулийн хууль, тэр тусмаа ямар тогтолцоог хуульчлахаас Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн ирээдүй хамаармаар санагдах юм. Гэтэл МАН улсынхаа хэтийн тогтвортой хөгжлийн төлөө бус дахин сонгогдохыг санааширсан бүлгийн хэдэн гишүүн болоод намд их хэмжээний хандив (зарим талаар авлига гэж нэрлэж болно) өргөсөн “шалдан” баньд нараар УИХ-ын танхимыг дүүргэхийн тулд төсвийн хөрөнгийг хуу хуваахаар шийдлээ. Хатуу ч гэсэн үнэнийг хэлэхэд 48 тойрог, тэр тооны мандат гэдэг бол жалгын үзлийг өөгшүүлж, цус ойртолтыг дэмжсэн, сонгогчдыг “чи бол худалдаж авдаг бараа байхгүй юу” гэж доромжилж буйгаас ялгааг үй юм. Ингэж явуулсан сонгууль шударга болдоггүйг бүгд мэднэ. Жижиг тойргоор явуулсан 1992 оны сонгуульд МАХН сонгогчдын 56.9 хувийн санал авсан хэрнээ УИХ-д 92.1 хувийн суудал авсан. 1996 онд “Ардчилсан холбоо” эвсэл сонгогчдоос 47 хувийн санал авч, Парламентад 65.8 хувийн суудал эзэлсэн байдаг.
2000 онд МАХН сонгогчдын 51.6 хувийн санал авч УИХ-д 94.7 хувийн буюу 72 суудал авч байжээ. Монголчуудын дийлэнх нь ядуу хэвээрээ байна. Сүүлийн үед эдийн засагт нааштай хандлага гарч эхэлсэн нь үнэн. Түүнийг нь дагаад иргэдийн амьдрал дэвжих учиртай. Ядуу буурай орноос иргэдийн олонх нь дундаж орлоготой хэсэг рүү хамгийн хурдтай шилжиж байгаа орны тэргүүн эгнээнд манай улс явна гэж Ерөнхий сайд, МАН-ын дарга хэлээд байгаа. Үнэхээр тэр нөхцөл бүрдэж байгаа нь үнэн аваас түүнийг баталгаажуулах, ядуу амьдралаа өөрчилж чадах боломжийн нэг нь сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх явдал юм. Тэгж чадахгүй байгаа нь ирээдүйд муу бүхнийг даллаж байна. Мөнгөний жижиг тойрог монголчуудыг хэрэглээний машин болгож хувиргасан.
Уул уурхайгаас олох мөнгөөрөө сонгогчдыг угжихыг хүсэж байна. Хэтэрхий жижиг тойрогт корпоратократууд (корпораци, улстөрч, эрх баригчид ашиг сонирхлоороо нэгдэхийг ингэж нэрлэдэг юм байна) өөрсдийн хүчтэй хөрөнгө мөнгөний сүлжээг бий болгож чадсан байдаг. Дадсан энэ аргадаа МАН найдаж байж болох. Ийм байдал удаан үргэлжлэх аваас хэзээ нэгэн цагт тэсрэлт үүсгэдэг. Мажоритар тогтолцоо хэтэрхий савалгаатай. Энэ байдал нь Лесото зэрэг нэг биш оронд иргэний дайн дэгдэхэд хүргэж байжээ. Таван иргэнийхээ амийг алдсан ч шударга бус сонгуулийн эсрэг тэмцэгчдийн зориг мохоогүй гэж найдаж байна. Зөвхөн өөрсдөдөө зориулсан, адгийн муу хувилбараасаа МАН татгалзахгүй бол сонгогчид, иргэний нийгмийнхэн, ардчилсан хийгээд сөрөг хүчнийхэн шударга, тэгш сонгуулийн төлөө босох хэрэгтэй. Шударга, ил тод, эрх тэгш сонгуулийн тогтолцоо бий болгохгүйгээр Монгол Улс өөдлөхгүй.
Г.ЭНХ