Монгол, Японы харилцааг гадаад бодлогын дээд төвшинд аваачин стратегийн түншлэлд хүргэхээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд айлчлах үеэр хоёр тал тохиролцсон билээ. Энэхүү стратегийн түншлэл нь өндөр дээд хэмжээний яриа хэлэлцээ идэвхжүүлэх, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, хүн солилцоо-соёлын харилцааг сайжруулах, бүс нутаг-глобал асуудлаарх хамтын ажиллагааг бэхжүүлэх гэсэн дөрвөн чиглэлд тулгуурлаж байна. Япон улсаас манайд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын үүрэгт ажилдаа ороод удаагүй байгаа Такэнори Шимизү өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа ингэж хэлэв. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх онд болох юм. Хэсэг хугацаанд бидний харилцаа, хамтын ажиллагаа зогсонги байснаа 1990 оноос эхлэн эрс идэвхижжээ. Янз бүрийн төвшний, тэр дундаа өндөр дээд хэмжээний айлчлал тогтмолжиж байна.
Гадаад хэргийн сайд нарын яриа хэлэлцээг жил бүр зохион байгуулж байхаар тохиров. Стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд хамгийн чухал нь эдийн засгийн харилцааг өргөжүүлэх явдал юм. Гэтэл бололцоо, шаардлагатайгаа харьцуулбал энэ салбарт хамтын ажиллагаа хангалттай биш гэж Элчин сайд Шимизү үзэж байв. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг 1977 онд ноолууран бүтээгдэхүүний “Говь” үйлдвэрийг барихад Япон улс буцалтгүй тусламж олгосноос эхтэй гэж хэлж болно. 2010 он хүртэлх хугацаанд Япон улсаас манайд 75 тэрбум 808 сая иений хөнгөлөлттэй зээл олгож, 102 тэрбум 715 сая иений буцалтгүй тусламж олгосон байна. 2004 онд гаргасан Япон улсаас Монголд үзүүлэх хөгжлийн албан ёсны тусламжийн хөтөлбөрөө “Тусламжийн чиглэл” болгож өөрчлөхөөр зэхэж байгаа аж.
Японоос Монгол руу нийлүүлж буй барааны үнийн дүн 196.6 сая доллар байхад Монголоос Япон руу гаргаж буй бараа 2.7 сая доллараас хэтрэхгүй байгаа нь чамлалттай үзүүлэлт юм. Тэгвэл япончууд цаашид монголын ямар бүтээгдэхүүн түлхүү авах сонирхолтой байгаа тухайд ноён Шимизү байгалийн баялаг, МАА-н бүтээгдэхүүнийг нэрлээд үүнийг судлах шаардлагатай гэлээ. Япон улс эрчим хүчний түүхий эдийн ихэнх хувийг гадаад орнуудаас авдаг аж. Гэтэл аливаа нэг зүйлээр, тэр дундаа эрчим хүч мэт онцгой чухал салбарт нэг улсаас хэт их хамааралтай байх нь улс орны аюулгүй байдал хийгээд хөгжил дэвшилд аюул учруулж болзошгүй байдаг. Иймд сүүлийн үед олны анхаарал татах болоод буй Тавантолгойн ордыг ашиглах үйлсэд Японы компаниудаас оролцуулахыг сонирхож байгаа гэнэ. Энэ нь зөвхөн Японы хувийн хэвшлийнхний эдийн засгийн ашиг сонирхол бус, хоёр улсын эдийн засгийн аюулгүй байдалд хамааралтай аж. Түүнээс гадна Японы техник, технологийг Монголын нүүрс олборлох салбарт нэвтрүүлэх нь үр өгөөжтэй юм.
Иймд Тавантолгой төсөл манай хоёр орны хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд харилцан ашигтай хамтын ажиллагааны загвар болно гэж үзэж буйгаа элчин сайд Такэнэри Шимизү өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа онцоллоо. Хүнд хэцүү үед нь тусалж дэмжиж ирсэн Монголын ард түмэн, Монгол Улсын Засгийн газарт тэрбээр талархлаа илэрхийлээд элчин сайдаар ажиллах үедээ Япон, Монголын аль алинд нь ашигтай байх харилцааг хөгжүүлэхийг чармайна гэв. Тэрбээр хоёр орны ирээдүйн хамтын ажиллагааны үндэс суурь болох Тавантолгой төсөлд Японы компанийг оролцуулна гэдэгт итгэж байна гэж үгийнхээ эцэст хэллээ. Такэнори Шимизү 1952 онд төрсөн, улс төр судлаач. 1974 онд дипломат албаны шалгалтад тэнцсэнээс хойш энэ салбарт алба хашиж буй. Япон улсаас АНУ, Канадад суугаа ЭСЯ-нд ажиллаж байв. Тэрбээр хорин хэдхэн настайдаа Монголд хөл тавьснаас хойш энэ жил дөрөв дэх удаагаа томилогдож ирээд байна. Такэнори Шимизү Монгол Улсын соёлын, боловсролын болон эдийн засгийн тэргүүний ажилтан цол тэмдэг хүртжээ.
Р.ЖАРГАЛАНТ