Германы нэртэй улстөрч Ханс Цэетмаир ингэж хэлэв. Тэрбээр 20 жил Парламентын гишүүн, 17 жил сайд явсан хүн юм билээ. Одоо дэлхийн 70 гаруй оронд салбартай Ханс Зайделийн сангийн тэргүүнээр ажиллаж буй аж. Нас 70 хол гарсан гэмээргүй овор багатай энэ хүнийг Монголд давчуухан хугацаагаар ирээд байхад нь энгүүн орчинд хэдэн үг солих завшаан бидэнд олдсон юм. Ханс Цэетмаир Бавари мужид төрсөн, энэ муж улсад Төрийн сайд, Шадар сайд зэрэг алба хашиж явсан болоод тэр биз, яриандаа эндхийн амьдралаас жишээ татаад байна лээ. Бид сонгуулийн хуульдаа өөрчлөлт засвар хийх гээд, сонгуулийн холимог тогтолцоог хэрэглэх гээд, харин хоёр тогтолцооны харьцаа ямар байх тухайд УИХ-д гишүүд маргаад зөвшилцөл тохиролцоонд хүрч чадахгүй л байгаа. Тэгвэл Бавар муж улсад мажоритар, пропорционалийн харьцааг тэнцүү (50:50) байлгадаг аж.
Намын авсан саналын тоогоор хуваарилах суудал (пропорциональ)-д очих хүмүүсийн нэр санал хураахаас өмнө сонгогчдод ил болсон байдаг гэнэ. Энэ нь намаас илүү хувь хүнд ач холбогдол өгч буйн илрэл юм байх. Манайхан ч 2012 оны сонгуульд санал өгөхдөө хүнийг нь илүү харах болов уу гэмээр байгаа шүү. Парламентад хэт олон намын төлөөлөл байх нь тэр хэрээр олон түмнийг үзэл бодлоор нь тарааж бутаргах муу талтай болов уу. Бас улс төрийн хэт цөөн хүчний төлөөлөл байвал уг Парламент тухайн нийгмийн санаа бодлын илэрхийлэл болж чадахгүйд хүргэж ч мэднэ. Тэгэхдээ нийгмийн санаа бодлын илэрхийлэл болдгийн хувьд олон нам байж болох ч тэр болгоны төлөөлөл Парламентад байх нь сайн юм биш шиг санагддаг гэж тэр хэллээ.
Холимог тогтолцоогоор сонгууль явуулах тохиолдолд шууд нэрээр санал хураахад олонхийн дэмжлэг аваагүй нэр дэвшигчийн тухай асуудал улс төрийн хүчнүүдийн анхааралд байдаг юм байна. Тэр хүн нь намаа төлөөлөн Парламентад байх шаардлагатай гэж үзвэл намын нэрээр сонгогдох хүмүүсийн тоонд оруулчих нь амьдралд байдаг л практик гэнэ. Олонд танил болоогүй, нэрд гараагүй хүмүүс намаасаа нэр дэвшүүлэх эрх авлаа ч сонгогчийн шүүлтүүрээр “гоожчих” нь цөөнгүй байх тул хэрэгтэй гэж үзсэн хүнээ ийн “хөрвүүлэхэд” гайхах зүйлгүй бөгөөд буруу үйлдэл гэж үзэхэд ч түвэгтэй байх нь мэдээж. Харин Германд бол ялангуяа намын нэрээр “өгсөх” хүмүүсийн нэрсийг жагсаах нь ихээхэн утга учиртай байдаг аж. Тухайлбал, одоогийн Канцлер Ангела Меркель өмнөх сонгуульд Христосын ардчилсан холбоо, Христосын нийгмийн холбоо намуудын эвслийн нэрсийн жагсаалтыг тэргүүлж байжээ. Энэ нь түүний Канцлер болох эхний болзол байсан гэж хэлж болохоор.
Манайд бол ийм жагсаалтын эхэнд бичигдсэн хүн Ерөнхий сайд болох магадлалтай гэсэн үг юм уу даа. Тэгэхдээ энэ жагсаалтад нэрээ дээхнүүр бичүүлчих гэж германчууд элдэв башир арга хэрэглэж, даргынхаа урдуур хойгуур гүйж, мөнгө төгрөг сарвайдаггүй юм байна. Мөнгө өгвөл мэдээж авлига болно. Хэрэв ингэх гэж оролдсоныг нь хэвлэл, мэдээллийнхэн илрүүлчихвэл улс төрийн шатаар тухайн хүний өгсөх зам дуусах нь тэр. Нэрсийн жагсаалтыг намын удирдах байгууллагын (Удирдах зөвлөл, Бага хурал) шийдвэрээр үйлддэг аж. Квот гэж манайхан яриад байдаг. Ялангуяа бүсгүйчүүд маань сонгууль дөхөөд ирэхээр ихээхэн “гонгинодог”. Хэрэв квот тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчдийн доторх хүйсийн харьцаа 50:50 хувь байлгахаас өөр аргагүй гэж Цэетмаир гуай хэллээ. Яагаад гэвэл эр, эм хүмүүс тэгш эрхтэй. Хэрэв эмэгтэйчүүдийн квот 30 гэчихвэл нийгэм нь хүүхнүүдээ ийн үнэлж буй хэрэг болно.
Хүний нэр хүнд, тэгш эрхийн зарчим алдагдана. Иймд квотыг хуульчлах нь зохимжгүй, харин нам дотроо, дүрмээрээ ийм зохицуулалт хийх нь дээр болов уу. Манайд ч намуудын дүрмэнд энэ талаар зарим тоо бий. Хүүхнүүд гоё учраас биш нийгэмд хэрэгтэй учраас л эрчүүд нь тэдэнтэйгээ хамт явах учиртай. Бие даан нэр дэвшигчийн тухайд Монгол, Герман квотыг хоёрт ойлголтын том зөрүү байдаг юм байна. Германд хүн заавал нам юм уу, эвсэл түшиж байж нэр дэвшдэг аж. Манайх шиг намдаа гологдохоороо бие дааж нэрээ дэвшүүлдэг, тэглээ гээд нам нь хөөчихдөг, тэгсэн нэрнээ суудал авчихвал буцаагаад авчихдаг явдал байдаггүй гэнэ. Өндөр албан тушаалтай хүн хувийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй байхыг Германд хуулиар хориглодоггүй.
Ашиг олох зорилгоор улстөрч хүн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд хувь эзэмшигч байж ч болдог. Нэрийг нь дэвшүүлэхдээ ч энэ бүхнийг сонирхдоггүй аж. Яагаад гэвэл хэвлэл, мэдээллийн ямар ч хэрэгсэл, байгууллага зөвхөн хуулиа л мөрдөж ажилладаг болохоор тэдгээрийг хэн нэгний нөлөөнд орно, хэтэрхий хазгай мэдээлэл түгээнэ гэж айлтгүй. Ер нь бол Германд өөрийн гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй өндөр албан тушаалтан байхгүй гэж Цэетмаир гуай ам бардам хэлсэн. Түүний ярьснаас үзвэл энэ хоёрыг биенээсээ хол хөндий байх ёстой гэсэн үзэл тэнд нэгэнт төлөвшжээ. Сонгууль, улстөрчид, сэтгүүлчдийн харилцан уялдаа, сэтгүүлчийн ёс зүйн талаар бид бас ярилцсан юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг Германд мөн л хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн дараа оруулж, дөрөв дэх багана гэж үздэг байна.
Сэтгүүлчид байгааг шүүмжлэхээсээ илүү байхгүйг бий болгохыг зорьж шүүмжилдэг байхыг хичээх учиртай гэнэ. Нийгэмд өөр өөр үзэл бодол байхыг олон түмнээр зөвшөөрүүлэхийн төлөө ажиллах нь чухал гэлээ. Сэтгүүлч хүнд хамгийн чухал юм нь мэдлэг, бас ноён нуруу. Аль нэг намыг аялдан дагалдагч байж таарахгүй. Сэтгүүлчийн ёс зүй үгээр нь хэмжигддэг. Тийм болохоор үгээ сонгох, санаагаа илэрхийлэх чадвараараа сэтгүүлч хүн өөрийгөө аврах боломжтой. Ийм механизмыг чадмаг хэрэглэх нь сэтгүүлчийн ёс зүйд харш биш. Цэетмаир гуай энэ бүхнийг ярихдаа миний л барил юм шүү Монгол Улсын дотоод хэрэгт би оролцох ёсгүй хэмээн хаширласан юм.
Р.ЖАРГАЛАНТ