Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бага насны гурван хүүхэд байшинтайгаа шатав.

Бага насны гурван хүүхэд шатаж, нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр гарлаа. Тодруулбал, Булган аймгийн Тэшиг сумын Шинэ нисэхийн гудамж дахь нэгэн айлын байшин шатсаны улмаас дотор нь байсан 1-5 насны гурван хүүхэд амиа алдав. Сумын Засаг даргаар ахлуулсан 100 гаруй хүн, орон нутгийн иргэд хоёр цаг орчим ажиллаж, түймрийг бүрэн унтраажээ. Тус сум аймгийн төвөөс 245 км зайтай тул онцгой байдлын аврагчид галын дуудлага хүлээн авснаас хойш найман цаг гаруйн дараа очиж, үзлэг шалгалт хийсэн байна.

Тухайн үед хүүхдүүдийн эцэг, эх байгаагүй бөгөөд цахилгаанаас үүдэлтэйгээр гал гарсан байх магадлалтай гэх таамаг бий гэнэ. Булган аймгийн Онцгой байдлын газрынхнаас энэ талаар тодруулахад “Галын нөхцөл шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Эцсийн дүгнэлт гараагүй” гэв. Гурван хүүхдээ галын аюулд алдсан залуу гэр бүлд туслахаар Тэшиг сумынхан хандивын аян өрнүүлж эхэлснийг орон нутгийн иргэд мэдээлэв.

Энэ хэрэг явдал болсон өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн IX хороо, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, Ховдын Зэрэгт мөн айлын байшин шатжээ. Азаар хүний амь эрсдээгүй аж.

Аймаг, сумдын түүхэн ойн баярууд үргэлжилж, амралт, зугаалгын ид улирал тохиож буй энэ цагт иргэдийг сонор сэрэмжтэй байж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулав. Ялангуяа бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхилгүй, цахилгааны аюулгүй байдлаа сайтар хангахыг зөвлөв. Намрын хуурайшилтын үе эхлэх дөхөж буйг ч санууллаа.

Бэлтгэсэн И.Мишээл