Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол, Япон, ОХУ-ын эрдэмтэд туршлага солилцож байна

2022-08-09

Манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг нь хорт хавдар. Тэр дундаа элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар манайх дэлхийд нэгдүгээрт бичигддэг. Мөн нойр булчирхайн хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд нэлээд ихсэж байгаа гэнэ. Тиймээс Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-өөс Япон, БНСУ, АНУ, ОХУ зэрэг улсын томоохон эмнэлгүүд, салбартаа тэргүүлж буй эмч, мэргэжилтэн, эрдэмтдийг урьж, туршлага судлах уулзалт, зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулдаг. Үүний хүрээнд тус байгууллагаас “Анагаах ухааны боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн олон улсын симпозиум-2022” арга хэмжээг зохион байгуулж байна. Уг симпозиумын үеэр Монгол, Япон, ОХУ-ын эрүүл мэндийн холбогдох байгууллагынхан, салбарын эрдэмтэд хамтран хорт хавдрын мэс заслын шинэ арга, технологиудыг танилцуулж, туршлагаасаа хуваалцаж буй юм. Тухайлбал, өчигдөр АШУҮИС-ийн харьяа Монгол, Японы эмнэлэгт элэгний хорт хавдрын эмчилгээний туршлага солилцох уулзалт боллоо. Энэ үеэр ХСҮТ-өөс элэг шилжүүлэн суулгах мэс заслуудынхаа үр дүнгээс танилцуулав. Мөн Япон, ОХУ-ын эрдэмтэд хавдрын эмчилгээ, оношилгооны туршлага, шинэ технологиудын талаар манай улсын эмч нарт танилцуулсан юм. Үүнд ХСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв зэрэг эмнэлгийн 60 эмч оролцсон байна. “Анагаах ухааны боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн олон улсын симпозиум-2022” энэ сарын 12-ныг дуустал үргэлжлэх нь.